Хамтарч ажиллах талаар санал солилцлоо

Монголын мэдээ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-21 08:55:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн нэгдсэн холбоо хамтран төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. 


Уулзалтын үеэр үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцав. Мөн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хувийн хэвшлийнхэн үйл ажиллагаа эрхлэх таатай орчин бүрдүүлэхэд хамтран ажиллах саналыг холбогдох төрийн байгууллагад хүргүүлэхээр болжээ.


СЗХ үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2020 оны 5 дугаар сарын 6-наас олгож эхэлсэн бөгөөд 2021 оны жилийн эцсийн байдлаар хуулийн 40 этгээд, 436 иргэн тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байгаа аж.


Уулзалтад СЗХ-ны Үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн зохицуулалтын газрын дарга Н.Энхтуяа, Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин, Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа, Үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг оролцлоо.

Холбоотой мэдээ