ХНХ-ын сайд А.Ариунзаяа НҮБ-ын тусгай илтгэгч Рем Алсалемтай уулзав

Монголын мэдээ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-01-24 11:53:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа НҮБ-ын Тусгай илтгэгч Рем Алсалемтай цахимаар уулзаж, урьдчилсан байдлаар гарсан тайлангийн талаар ярилцан санал бодлоо солилцов.


Жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох олон талт арга хэмжээг төр, төрийн бус байгууллага, хөгжлийн түншлэлийн байгууллагатай хамтран үе шаттай хэрэгжүүлж байгааг ХНХ-ын сайд А.Ариунзаяа уулзалтын үеэр танилцууллаа.


Түүнчлэн УИХ-аас 2016 онд шинэчлэн баталж, 2017 оноос мөрдсөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцон, хүчирхийлэл үйлдэгчтэй тооцох хариуцлагыг чангатгахын зэрэгцээ зан үйлд нөлөөлөх албадан сургалтаар дамжуулан дахин хүчирхийлэл үйлдэхээс сэргийлэх, зан үйл, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах тогтолцоо бий болгох, олон нийтийн хандлага, сэрэмжийг дээшлүүлэх, хүчирхийллийг үл тэвчих хандлагыг нийгэмд төлөвшүүлэх зэрэг чиглэлд ахиц гарч байгааг онцолжээ.


Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн найруулж, мөрдөж эхэлснээс хойш хуулийг дагаж гарсан 32 журам, 1 стандарт батлан, хэрэгжүүлж байна. НҮБ-ын Тусгай илтгэгч Рем Алсалем нь ажлын тайлангаа энэ оны 6 дугаар сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 50 дугаар чуулганд танилцуулахаа мэдэгдлээ.


Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, түүний шалтгаан болон үр дагаврын асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгч Рем Алсалем 2021 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 8-нд манай улсад ажилласан. Тэрбээр ажлын урьдчилсан дүгнэлт, тайлангаа Засгийн газрын холбогдох байгууллагын төлөөлөлд танилцуулсан аж.

Холбоотой мэдээ