Израил: Дөрөв дэх тун хийлгэснээр өвчин хүндрэх магадлал буурч байна

ДЭЛХИЙД | Эрүүл мэнд
ankhbayar.abr@yahoo.com
2022-01-24 15:46:13

ИЕРУСАЛИМ. /Reuters/. Коронавирусний вакцины дөрөв дэх тунг хийлгэсэн 60-аас дээш насны хүмүүс ижил насны гурван тун вакцинд хамрагдсан хүмүүсээс өвчин хүндрэх магадлал нь хоёр дахин буурч, дархлаа нэмэгдэж байна гэж Израилийн Эрүүл мэндийн яам мэдэгджээ.


Израилийн Эрүүл мэндийн яам дотоодын хэд хэдэн томоохон их сургууль болон “Sheba” эрүүл мэндийн төвтэй хамтран нэгэн судалгааг хийжээ. Энэхүү судалгаанд 4 дэх тундаа хамрагдсан 400 мянган 60-аас дээш насны иргэд болон 3 дахь тундаа хамрагдсан 600 мянган ижил насны иргэдийн дунд дөрвөн сарын хугацаанд харьцуулсан судалгааг хийсэн бөгөөд улмаар дээрх үр дүн гарсан байна.


Судалгааны дүнд 4 дэх тунд хамрагдсан иргэдийн дархлааны түвшин 3 дахь тунд хамрагдсан хүмүүсээс өндөр байсан ч омикрон хувилбараас бүрэн хамгаалж чадахгүй гэв.


Израилд омикрон хувилбар дэгдсэний дараа эрх баригчид энэ сарын эхэн үеэс эхлэн 60-аас дээш насны хүмүүст “Pfizer” вакцины 4 дэх тунг хийж эхлэсэн юм. Дэлхийн бусад улс орнуудын адил тус улсад омикрон хувилбарын тархалт огцом нэмэгдэж байгаа ч одоогоор нас барсан тохиолдол гараагүй байна.     

Холбоотой мэдээ