Монголын Үндэсний музей: Халх эхнэрийн хилэн малгай

Монголын мэдээ | Соёл урлаг
bolor@montsame.mn
2022-01-25 10:15:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний музейн сан хөмрөгт буй ХIX-XX зууны эхэн үеийн нэгэн гоёмсог малгайг онцлон танилцуулж байна.


Хэмжээ нь 20 см өндөр, 15 см диаметртэй. Монголчууд тэргүүндээ залдаг малгайгаа ихэд хүндэтгэн бэлгэшээж, “Мандах төрийн малгай” хэмээдэг. Малгайгаа газар тавих, бүсэлхийнээс доош тавьж хүндэтгэлгүй хандах, дээш нь харуулах зэргийг ихэд цээрлэдэг. ХIX-XX зууны эхэн үед төрийн ёслол болон гоёл, хүндэтгэлийн үед халх эхнэр хүн хүрээтэй хилэн малгай өмсөж байв. Хар хилэн хүрээ улаан торгон дотортой, улаан өнгийн нарийхан хос бүчтэй, улаан утсан цацагтай, дээрээ хаан бугуйвч, хатан сүйх дүрсэлсэн, ухаа торгон хос залаатай хилэн малгай. Уг малгай нь цайвар ногоон өнгийн хивсэгтэй, алтлаг саан утсаар өлзий хээ оёсон, хар өнгийн тавжидтай. Оройн хэсэгтээ бадам цэцэг хэлбэрт шармал сууринд шүр, оюу шигтгэж оёсон гоёмсог сампинтай ажээ.




Холбоотой мэдээ