Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Баяртсайханыг 95 хувийн саналаар томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2016-07-21 01:58:01

УИХын 7 дахь сонгуулиар байгуулагдсан УИХын анхдугаар чуулганаар  Монгол банкны ерөнхийлөгчөөр Н.Баяртсайханыг 95 хувийн саналаар, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Цолмонг тус тус томиллоо. 

Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан учраас УИХ-ын дарга М.Энхболд бүрэн эрхийнхээ хүрээнд Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Баяртсайханыг томилох саналыг оруулж ирсэн юм.

 Тэрбээр хөдөлмөрийн эдийн засагч, улс төр судлаач мэргэжилтэй бөгөөд Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургууль, Москвад Төрийн удирдлагын академийг дүүргэсэн, эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй юм байна. Мөн 2001, 2005, 2009-2010 онд санхүү, төсөв, менежментийн чиглэлээр Шинэ Зеланд, АНУ-д мэргэшил дээшлүүлжээ.

Тэрбээр 1982-1989 онд Намын дээд сургуульд багш, 1992-2008 онд УИХ-ын гишүүн, 1993-1995 онд УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, 2000-2004 онд Төсвийн байнгын хорооны дарга, 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, 2002-2014 онд Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч, 2004 оноос мөн холбооны хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж иржээ.

Холбоотой мэдээ