Модон прүүсийг хуванцраар үйлдвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-01-27 14:30:01
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/.  Хуванцар кольцо, прүүс, эмээл, хашаа, хашлага гээд 10 гаруй  нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа Бидэрт Манхан ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани 2013 онд байгуулагдсан бөгөөд анх тасдагчийн ир, точил үйлдвэрлэж байсан бол өдгөө төмөр замын хуванцар хавчуурга, өсгий, өсгийвчний жийрэг, кольцо, хайс, хашлага гээд олон  төрлийн бүтээгдэхүүнийг хаягдал гялгар уут, хуванцраар үйлдвэрлэж байна.

Бидэрт Манхан ХХК-ийн захирал Д.Бат-Очир хэлэхдээ, Түүхий эдээ Улаанбаатар хотоос авдаг. Нэг авахдаа 5 хүртэл тонн хаягдал гялгар уут, хуванцар авдаг. Кг нь 130 төгрөг байдаг. Хэрэв орон нутгаасаа түүхий эдээ авдаг бол нэгж бүтээгдэхүүний өртөг хямд, бараа бүтээгдэхүүний эргэлт хурдан, ажлын байр ч нэмэгдэх давуу талтай. Даанч Орхон аймаг хогоо ангилан ялгадаггүй мөн гялгар уут, хуванцрын хэмжээ бага байдгаас болж түүхий эдээ өөр газраас авдаг гэлээ.



Тус компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний дийлэнхийг Улаанбаатар хотын барилгын компаниуд худалдан авдаг. Тухайлбал, барилгад ашигладаг хар панерийг Бидэрт Манхан ХХК хуванцраар үйлдвэрлэдэг тул эдэлгээ удаан, дахин ашиглах боломжтой тул их хэмжээгээр авдаг байна.  Мөн сүүлийн жилүүдэд модны үнэ өсч модон прүүс ч олдохоо байсан тул үүнийг бас хаягдал гялгар уут, хуванцраар үйлдвэрлэж эхэлжээ. Эдгээр бүтээгдэхүүн бүгд Улаанбаатар хотруу ачигддаг.

Орхон аймаг хөрс, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын зарим багт эко 00 суурилуулж эхэлсэн. Үүнд бетонон кольцо ашигладаг. Цементийн үнэ нэмэгдэх тусам бетонон кольцоны үнэ дагаад нэмэгддэг. Тэгвэл уг кольцог хуванцраар үйлдвэрлэж ашиглавал бетонон кольцог бодвол үнэ нь хэд дахин хямд, суурилуулахад хялбар, зөөж тээвэрлэхэд амар гээд олон давуу талтай байгаа юм. Тус компани энэ саналаа аймгийн удирдлагуудад хүргүүлсэн байгаа ажээ.

Сүүлийн жилүүдэд олон улсад хүмүүнлэг бизнес л нэр хүнд, ашиг олж байгаа. Ялангуяа хогийг дахин боловсруулсан, хүрээлэн буй орчноо хайрласан, тогтвортой хөгжилд чиглэсэн бизнес л хүмүүсийн анхаарлыг татаж байна. Ийм бизнест ч хөрөнгө оруулж байна. Тиймээс бид бас даган өөрчлөгдөх ёстой. Хог боловсруулах үйлдвэртэй болох ёстой. Ангилдаг, ялгадаг байх ёстой. Хогны талаарх хандлагаа ч өөрчлөх ёстой.

2017 онд байгуулагдсан Эрдэнэт ШУТПОНӨҮГ жижиг, дунд бизнесийг дэмжих, шинэ технологи, инновац нэвтрүүлэх зорилготой. Тус газраас Бидэрт Манхан ХХК 2021 онд  үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор хүүгүй, барьцаагүйгээр эргэн төлөх нөхцөлтэйгээр 60 сая төгрөг авсан. Тэд энэ мөнгөөрөө үйл ажиллагаагаа өргөжүүлж эхэлжээ. Мөн Эрдэнэт ШУТП”-ийн цогцолборын газарт үйлдвэрээ барих 2400 м.кв талбайг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр болжээ. Тэд энэ хавраас үйлдвэрийн барилгаа барих аж. Энэ мэтчилэн “Бидэр Манхан” ХХК хог хаягдлыг дахин боловсруулж импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж модон панер, модон прүүс, модон эмээл, модон хашаа, хайсыг хуванцраар сольж байна. Энэ бол байгальд оруулж маш том хөрөнгө оруулалт юм. 





Холбоотой мэдээ