УИХ-ын ээлжит бус чуулган эхэллээ

Монголын мэдээ | УЛС ТӨР
ariunbold@montsame.mn
2022-01-28 14:55:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр албан ёсоор эхэллээ.


Дэлхий нийтэд сүүлийн хоёр жил үргэлжилж буй КОВИД-19 цар тахал улс орны эдийн засаг, иргэдийн амжиргаанд сөргөөр нөлөөлж байна. УИХ, Засгийн газраас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ сэргээх бодлого баримтлан ажиллаж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы нээлтийн үеэр онцоллоо.


Монгол Улсын эдийн засаг 2021 онд сэргэж, экспортын орлого 9.2 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны тэнцэл 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Энэ мэт эерэг үзүүлэлт олон байгаа ч бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд дэлхий нийтээр тулгарч байгаа. Үүнд тэтгэврээрээ амьдардаг өндөр настан, халамж, тэтгэмж зайлшгүй шаардлагатай иргэд ихээр нэрвэгдэж байгаагУИХ-ын дарга Г.Занданшатар дурдлаа. Тиймээс Ерөнхийлөгчийн чиглэлийн дагуу Засгийн газар 2022 оны төсөвт тодотгол хийж, зарим зардлаа танаж, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхээр шийдвэрлэж, өнөөдөр хуулийн төсөл өргөн барьсныг мөн онцлов.


Тэрбээр, “Цагаан сарын баярын өмнө Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол хэрэгжиж, Монголын талын 34 хувьд ногдох өрийг бүрэн тэглэж, Дубайн гэрээг цуцлахаар шийдвэрлэлээ. Гүний уурхайн бүтээн байгуулалт албан ёсоор эхэлж, 2023 онд ашиглалтад орох боллоо” гэлээ.


Ийнхүү чуулганаар Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ.

Холбоотой мэдээ