А.Ариунзаяа: Дундаж тэтгэврийн хэмжээ 29.7 хувиар нэмэгдэж 548.4 мянган төгрөгт хүрч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-02-01 12:43:54
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Тэтгэвэр, тэтгэмжийн хувь хэмжээг нэмэгдүүлэх тухай 63 дугаар тогтоолыг баталсан тухай ХНХ-ын сайд А.Ариунзаяагаас тодрууллаа.


Тус тогтоолд, "Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээг 15 хувиар нэмэгдүүлэх" хэмээн заасан байна. Мөн "Нийгмийн даатгалын сангаас авч байгаа бүрэн тэтгэврийн доод хэмжээ 500 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 400 мянган төгрөгт хүргэх" гэж заасныг ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээллийн эхэнд тодотголоо. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Сангийн сайд, ХНХ-ын сайдад тэтгэвэр, тэтгэмжийг олгох ажлыг шуурхай  зохион байгуулахыг хуралдааны тэмдэглэлээр үүрэг болгосон байна. 


ХНХ-ын сайд А.Ариунзаяа, "Тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг инфляцын түвшинтэй уялуулж 15 хувиар нэмж байгаа. ҮСХ-ноос гаргасан 2021 оны жилийн эцсийн хэрэглээний үнийн индексийн өөрчлөлт 14.3 хувьтай байгааг танилцуулсан. 2021 оны 12 дугаар сарын мэдээгээр, Нийгмийн даатгалын сангаас 458.7 мянган иргэн тэтгэвэр авч байна. Тэдгээрийн 60 хувь буюу 271 мянга нь доод дүнгээр тэтгэвэр авч байсан" хэмээн мэдээлэв. 


УИХ-аас өчигдөр төсвийн тодотголыг баталж, энэхүү тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд 637 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг төсвийн зохицуулалтаар шийдвэрлэсэн.

Ингэснээр, 197.1 мянган иргэний тэтгэвэр 50 мянган төгрөг, 72.3 мянган иргэний тэтгэвэр 100 мянган төгрөг, 200 мянган хүний тэтгэвэр 150 мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Дундаж тэтгэврийн хэмжээ 29.7 хувиар нэмэгдэж 548.4 мянган төгрөгт хүрч байгаа юм. 


Дээрх тогтоол нь зөвхөн Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа хүмүүст хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл, Тэтгэврийн сангаас олгож байгаа үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний, эсхүл тэжээгчээ алдсаны болон хөгжлийн бэрхшээлтэй болсны тэтгэвэр авдаг нийт 469 мянган иргэнд энэхүү нэмэгдэл ижилхэн үйлчилнэ гэдгийг ХНХ-ын сайд А.Ариунзаяа тодотголоо. 


Тэрбээр банкны удирдлагуудтай өнөөдөр уулзсан бөгөөд тэтгэвэр, тэтгэмж энэхүү нэмэгдсэн дүнгээр 3-4 цагийн дотор бүрэн шилжиж дуусна гэсэн мэдээлэл өгчээ. 

Холбоотой мэдээ