С.Энхцэцэг: Боловсруулсан мэдээлэл үнэ цэнтэй байдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-02-07 11:07:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын сэтгүүлзүйн мэргэжлийн байгууллага Хэвлэлийн хүрээлэн олон нийтийн мэдээллийн боловсролд анхаарч ажиллах хэрэгтэй байгааг өнгөрсөн сард хуралдсан Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн ээлжит 7 дугаар чуулганы гишүүд болон чуулганд оролцогч нар нэлээн хөндөж байсан юм. Энэ сэдвээр сэтгүүлзүйн доктор, судлаач С.Энхцэцэгтэй ярилцлаа.


-Манай улсад өнөөдөр олон нийтийн мэдээллийн боловсролд анхаарч ажиллах хэрэгтэй байна гэсэн саналыг та хэллээ. Олон нийтийн мэдээллийн боловсрол гэж юуг хэлээд байна вэ, юу юу багтах вэ?

-Нийгмийн сүлжээ буюу сэтгэгдлийн “сэтгүүлзүй” өнөөдөр хүчтэй хөгжиж байна. Үүнийг мэргэжлийн сэтгүүлзүйгээс ялгах байдалтай тулгарсан. Мэргэжлийн сэтгүүлзүй бол мэдээллийг боловсруулдаг. Боловсруулсан мэдээлэл өөрөө үнэ цэнтэй байдаг. Энэ утгаар мэргэжлийн сэтгүүл зүй ч үнэ цэнтэй байх ёстой юм. Үүнийг буюу мэргэжлийн сэтгүүлзүйг олон нийтэд ойлгуулахаас эхлэх учиртай. Ийм ажлын хийснээр олон нийтэд сэтгүүлзүйн боловсрол олгоно. Иргэд сэтгүүлзүйн мэдлэг боловсролтой болох юм бол мэргэжлийн сэтгүүлзүйг дэмжинэ гэсэн үг. Тэгэхээр Хэвлэлийн хүрээлэн маань мэргэжлийн сэтгүүлзүйг дэмжих, олон нийтийн хэвлэл мэдээллийн боловсролыг сайжруулж, олон нийттэйгээ ойр байж, хүмүүсийн амьдралд хэрэгтэй мэдээллийг өгөх тал дээр анхааруулж ажиллавал сайн байгаа юм.


-Үүнийг яаж, ямар арга замаар олон нийтэд хүргэх вэ?

-Жишээ нь, үүнийг Хэвлэлийн хүрээлэн үйл ажиллагааныхаа чиглэлд тусгаад мэдээллийн боловсролд анхаарах ажлыг өөрсдийнхөө стратеги, төлөвлөгөөгөөр хэрэгжүүлээд явахад болох болов уу гэсэн үүднээс энэ саналыг чуулган дээр хэлсэн юм.


аны хэлсэнчлэн нийгмийн сүлжээ их хөгжиж буйтай холбоотойгоор, сэтгүүлзүйн үүргийг ч дахин хөндөж байх шиг. Судлаач хүний хувьд сэтгүүлзүйн байдал ямар нөхцөлд байна гэж та үзэж байна вэ?

-Ер нь бол, сэтгүүлзүйн үүрэг бол өдөр тутам мэдээлэл гаргаад, тэр мэдээллээрээ дамжуулаад хүний амьдралд тус хүргэх ёстой юм. Иргэн өөрт хэрэгтэй тухайн мэдээллийг сонсож хүлээн авснаар өдөр тутмын амьдралдаа шийдвэр гаргадаг. Өглөө гэрээсээ гарахаасаа авахуулаад би өнөөдөр юу өмсөх вэ, ажил дээр өнөөдөр юу юу болох билээ, би ямар шийдвэр гаргах билээ гээд, энэ алхам бүрийн ард талд мэдээлэл байдаг. Тийм учраас түрүү миний хэлсэнчлэн боловсруулсан мэдээлэл үнэ цэнтэй болж ирж байгаа юм.




Өнөөдөр зөвхөн Монголын сэтгүүлзүй ч биш дэлхийн сэтгүүлзүй том сорилттой тулгарч байна. Цар тахлаас өмнө технологийн хөгжил ийм дүр зургийг бий болгоод байсан юм. Ковидын үйл явц улам түргэсгэж, хэвлэл мэдээллийн салбар цаашдаа яах вэ, яаж хэлбэржиж явах вэ, мэргэжлийн сэтгүүл зүй сэтгэгдлийн сэтгүүл зүйгээс яаж ялгарах юм гэсэн олон сорилттой тулгарсан. Манайд гэхэд Хэвлэлийн хүрээлэнгийн судалгаанаас харахад твиттер дээр 70 мянган дагагчтай жиргээчийн өдрийн дундаж үзэгч нь 5000 байна. Тэгэхээр аль нь олон нийтэд илүү нөлөөлөл үзүүлж байна вэ гэдэг дээр бид нар бодож үзэх хэрэгтэй. Тэр 70 мянган дагагчтай жиргээч бол ганцаараа ажиллаж, аливаа асуудлын талаар зөвхөн сэтгэгдлээ бичиж байгаа нь тэр шүү дээ.

Тухайлбал, танай МОНЦАМЭ агентлагаар жишээ авахад олон сэтгүүлч, редактор, орчуулагч ажиллаж байна. Орчуулагч нар гадаад, дотоод мэдээг хөрвүүлэн дамжуулж байна. Тэдгээрийг редакторууд мэдээг нь шүүгээд гаргаж байгаа. Олон хүний хөдөлмөр шингэж байна. Үүнийг л мэдээллийн боловсруулалт гэж байгаа юм.


Ташрамд мэдээлэхэд, Монголын Хэвлэлийн хүрээлэнг манай улсад 1996 оноос хэрэгжүүлсэн “Чөлөөт хэвлэл” төслийн хүрээнд анх байгуулсан юм. Энэ талаар уг төслийн удирдагч асан, ажлын хэсгийн ахлах зөвлөх, Дани улсын иргэн ноён Ёрган Рингаард Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн 7 дугаар чуулган дээр дахин тодотгож байв.

Тэрбээр, Монголд Улсад хэрэгжүүлсэн энэ төсөл бүх талаар анхных байсан гэдгийг онцолсон юм. Үүнийг яаж хэрэгжүүлэх бэлэн практик туршлага тухайн цаг үед бидэнд байгаагүй. Тэр туршлагыг бид Монголд хуримтлуулсан. Ардчилал шинэ тутамд хөгжиж байгаа хэд хэдэн оронд “Чөлөөт хэвлэл” төслийг хэрэгжүүлэхдээ бид Монголд олж хуримтлуулсан туршлагаа гол чиг баримжаа болгосон.

Тийм учраас Монголд хэрэгжүүлж ирсэн энэхүү төсөл нь ардчиллын замаар замнаж байгаа бусад улс оронд чөлөөт хэвлэлийг хөгжүүлж ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлж, хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсныг хэлмээр байна. Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн үе үеийн удирдах бүрэлдэхүүн, хамт олон, ялангуяа Монголын сэтгүүлчид үүгээрээ бахархах эрхтэй гэсэн юм.



 

 


 

 

 

 

Холбоотой мэдээ