“Тэрбум мод” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд газарзүйн хүчин зүйлийг харгалзана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-02-08 10:26:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол орны байгалийн янз бүрийн бүсэд мод тарихаар төлөвлөж буй. Байгалийн эдгээр бүсийн физик газарзүйн нөхцөл ялгаатай учир ургалтад харилцан адилгүй нөлөө үзүүлнэ гэдгийг ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгээс онцлон мэдээлж байна.

Монгол орны ой Сибирийн их тайга, Төв-Азийн хээр, цөлийн заагт уур амьсгалын эрс тэс нөхцөлд тархан ургадаг байна. Ийм тул байгалийн аясаар тэлэн ургах боломж нэн хязгаарлагдмал, ойн түймэр, хөнөөлт шавж, өвчин болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд өртөмтгий эмзэг экосистем гэдгийг эрдэмтэд онцолж байна.


Монгол орны ой модны төрөл, зүйл нь тухайн байгалийн бүс, бүслүүр экосистемийн нөхцөлийг илэрхийлэгч үндсэн индикатор болдог байна. Тухайлбал, Монгол орны ойн сангийн дийлэнх хувь нь Монгол орны хойд хагаст өндөр уул болон ойт хээрийн бүсэд (хуш, нарс, шинэс, хус, улиангар, улиас, хайлаас, бургас гэх мэт) тархдаг. Өмнөд буюу хуурай хээр, цөлөрхөг хээрийн бүсэд багахан хувь нь (заг, хайлаас, жигд, тоорой, улиангар, сухай, бургас, буйлс, харгана, хармаг гэх мэт) бүсийн бус шинжтэй тархсан байдаг аж. Энэ нь физик газарзүй, хүрээлэн буй орчны нөхцөлтэй салшгүй холбоотой аж.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх, тодорхой үр дүнд хүрэхийн тулд доорх 3 үндсэн зүйлийг анхаарч ажиллах нь чухал юм гэдгийг эрдэмтэд тодотгож байна. Үүнд:

  • Мод, сөөгний үржүүлэг, ойжуулалт хийх талбайг сонгох. Ингэхдээ физик газарзүйн нөхцөл (гадаргын нөхцөл, уур амьсгал, хөрс, ус гэх мэт ), орчны хүчин зүйлийг харгалзаж Монгол улсын  “MNS 6138:2010 Мод үржүүлгийн талбай сонгох. Техникийн шаардлага” стандартын дагуу мод тарих талбайг сонгох;
  • Мод, сөөг тарихдаа тухайн байгалийн бүс, бүслүүрийн онцлогт тохирсон модны төрөл зүйлийг сонгох, Монгол Улсын холбогдох стандартартыг ( энд Мод, сөөгний тарьц, техникийн шаардлага, Мод, сөөгний үрийг тарихад бэлтгэх ерөнхий шаардлага, Мод, сөөгний үрийг тарих ерөнхий шаардлага, Мод, сөөгний үрийг тарьсны дараа арчлах, Мод үржүүлгийн газрын хөрсийг боловсруулах, Мод үржүүлгийн газар бордоо хэрэглэх, Мод, сөөгний суулгацыг бойжуулах, Суулгацын нүхийг бэлтгэх, Шилмүүст болон навчит төрлийн модны суулгацыг техникийн шаардлага, Эвдэрсэн газрыг ургамалжуулах техникийн ерөнхий шаардлага зэрэг) баримтлан тарьж, үржүүлэх;
  • Мод, сөөг тарьсны дараа мөн Монгол Улсын холбогдох стандартыг техникийн шаардлагын дагуу арчилгаа, хамгаалалтыг (өвөлжүүлэлт, механик хамгаалалт) тогтмол хийж, мэрэгч, хортон шавж устгах, ойжуулалтын чанар, модны амьдралтын хувийг тооцож, тооллого бүлтгэл явуулах;


Мод тарихад усалгаа, арчилгаанаас гадна тухайн газар нутгийн физик газарзүйн хүчин зүйлсийг харгалзах нь чухлыг ойчид, ойн мэргэжилтэн, эрдэмтэд онцолж байна.



Ойн сангийн талбай газрын төрлөөр (мян.га)


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж буй ААН, байгууллагууд дээрх 3 үндсэн үе шатанд холбогдох стандартыг нарийн баримтлан ажилласан тохиолдолд хөтөлбөрийн үр дүн, гүйцэтгэл сайжирч манай орны газрын доройтол, цөлжилтийн эсрэг эерэг нөлөөлөл үзүүлнэ гэдгийг онцолж байна. Мөн хөтөлбөрийн хэрэгжилтэд дэм болох үүднээс мод үржүүлэг, ойжуулалт хийх талбайг сонгоход физик газарзүйн нөхцөл болох байрзүйн (хотгор гүдгэр), гадаргын нөхцөл,  уур амьсгал, хөрс, ус гэсэн үндсэн 5 хүчин зүйл нөлөөлөхийг ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, судлаач С.Нарангэрэл, Ц.Батням нар тодотгож байна.



Монгол Улсын ойн сан бүхий газар нь  10.8 сая га талбайтай юм.





Ташрамд мэдээлэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2021 онд санаачлан ААН-үүдийг тус хөдөлгөөнд нэгдэхийг уриалсан юм.

Манай орны нийт газар нутгийн 7.9 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдаг. Үүнийг 2030 он гэхэд 9 хувьд хүргэх үндсэн зорилтыг тодорхойлж, хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор бууруулах тооцооллыг урьдчилсан байдлаар гаргаад байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2030 он хүртэл:

  • бэлтгэл,
  • эрчимжүүлэх,
  • тогтвортой үргэлжлэх гэсэн 3 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм.

Үндэсний хөтөлбөрт манай улсад үйл ажиллагаа явуулж буй төрийн болон ТББ-ууд, хувийн хэвшлүүд нэгдээд байна. Тухайлбал, уул уурхайн 20 гаруй ААН, байгууллага нийтдээ 600 гаруй сая, аймаг, нийслэл 680 сая модыг 10 жилийн хугацаанд төлөвлөгөөний дагуу тарьж ургуулахаар үүрэг амлалт аваад байгаа юм.

Холбоотой мэдээ