Тэтгэврийн нэмэгдэл ба итгэлцүүр

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-02-08 12:55:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол улсын хэмжээнд 469 мянган иргэн өндөр настны тэтгэвэр авдаг. Тэдний   205 000 нь бүрэн тэтгэврийн доод хэмжээ буюу 350 000 төгрөг авдаг байсан. Түүнийг эдүгээ 500 000 төгрөг болгоод байна. Бүрэн тэтгэврийн доод хэмжээг өсгөхөөс гадна түүнээс дээш тэтгэвэр авч байсан иргэдийн тэтгэврийг 15 хувиар  нэмсэн байна.


Тэтгэвэр нэмэх эх үүсвэр гаргахын тулд УИХ-ын чуулганы  ээлжит бус хуралдаан зарлан хуралдуулж, “Улсын 2022 оны төсөв"-т тодотгол хийлээ. Төсвийн тодотголоор 123 төсөл хөтөлбөрт өөрчлөлт оруулж 260 тэрбум төгрөг гаргажээ. "Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсөв"-т нэмэлт өөрчлөлт оруулсан. Тухайлбал Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)-ийн давсан орлого 326 тэрбум төгрөгт зохицуулалт хийсэн байна. Эдгээрээс гадна улсын төсвийн урсгал зардлыг 50 тэрбум төгрөгөөр танаж эх үүсвэр бүрдүүлжээ. Тэтгэврийн энэ удаагийн нэмэлтэд нийт 637 тэрбум төгрөг зарцуулсан байх юм.


Засгийн газар 2022 оны 2 дугаар сарын 1-нд хуралдаж тогтоол гарган дээрх шийдвэрийг баталгаажуулсан. Тогтоол батлагдсанаар 197.1 мянган хүний тэтгэвэр 50 мянгаас дээш төгрөгөөр, 72,3 мянган хүний тэтгэвэр 100 мянган төгрөгөөр, 200 мянган хүний тэтгэвэр 150 мянган төгрөгөөр тус тус нэмэгджээ. Эдүгээ тэтгэврийн дундаж хэмжээ 29,7 хувиар нэмэгдэж 548,4 мянган төгрөгт хүрсэн байна.  


Мөн тогтоолыг хэрэгжүүлэхэд 348 000-399 000, 435 000-499 000 мянга хүртэлх төгрөгийн тэтгэвэр авч байгаа 26,7 мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг тэтгэврийн доод хэмжээнд хүртэл нэмэгдүүлэхэд нэмэгдлийн хэмжээ нь 15 хувьд хүрэхгүй байсан тул эдгээр иргэдийн авч байгаа тэтгэврийн хэмжээг 15 хувиар нэмэн олгожээ.


Түүнээс гадна хувь тэнцүүлсэн тэтгэврийг 100 000 төгрөөгөөр нэмж 400 000 болгосон байх юм. Тэтгэврийн доод хэмжээг өсгөснөөр Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ (ХХДХ)  шинэчлэх шаардлагатай. Гэхдээ ХХДХ  хоёр жилд нэг удаа шинэчлэн тогтоодог хуультай. Өнгөрсөн 2021 онд энэ хэмжээг өөрчлөөгүй. Энэ жилийн хувьд шинэчлэх боломжтой.


Ер нь тэтгэвэр доогуур тогтсон тухай иргэд хоорондоо ярьж байгаа нь ажиглагддаг. Үнэхээр байх ёстой түвшнээс доогуур тогтоосон гэж үзвэл, түүнийг эргэн авч үздэг механизм байдаг юм байна. Тухайлбал:

  • Авч байгаа тэтгэврийг нь тогтооход баримталсан шимтгэл төлсөн хугацаа, хөдөлмөрийн хөлсний хэмжээ өөрчлөгдөх үндэслэлтэй болсон нь тогтоогдсон.
  • Тэтгэвэр тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлсний хэмжээг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг Засгийн газраас шинэчлэн тогтоосон нөхцөлд тэтгэвэр авагч хүсэлт гаргавал тогтоосон тэтгэврийг зөвхөн нэг удаа эргэн авч үзэх боломжтой юм байна.

Засгийн газрын 2015 оны 52 дугаар тогтоолоор 2014 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг 2014 оны 15 дугаар тогтоолоор тэтгэвэр тогтоох цалингийн итгэлцүүрийг  шинэчлэн тогтоожээ.

Шинэчлэн тогтоосон итгэлцүүрээр тэтгэвэр нь авч байгаа тэтгэврээс буурахаар бол түүнийг нь хөндөхгүй. Харин нэмэгдсэн тохиолдолд түүнийг авч үзэх боломж нээлттэй. Иймд иргэн та тэтгэвэр тогтоолгосон, түүнийгээ доогуур тогтсон гэж үзвэл дээрх байдлаар дахин шалгуулаарай. 

Холбоотой мэдээ