Ковидын үеийн хүүхдүүд ба боловсролын салбар дахь шинэ сорилт
ТОЙМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ковидын үеийн боловсролын
хоцрогдол дэлхийн улс орнуудын хамгийн эмзэг тулгамдсан асуудлуудын жагсаалтын
эхэнд байна. Манай улсын хувьд ч цар
тахлын үед хамгийн их хохирол амссан боловсролын салбартаа хэд дахин илүү
хүчээр анхаарал тавих зүй ёсны шаардлага бий болсон. Тиймээс ч бүх шатны боловсролын
байгууллагууд 100 хувь танхимаар хичээллэж эхлээд байна. Зорилтот
бүлгийн дархлаажуулалт 50 хувиас давсан, мөн коронавирусын халдвар буурч байгаа
учраас ийнхүү хичээл сургалтыг эхлүүлэхээр болсон юм.
Хүүхдүүд цар тахал эхэлснээс хойших хоёр жил гаруйн хугацаанд авах ёстой мэдлэг боловсролынхоо 70 хувийг цахим хэлбэрээр авсан. Үүний хэчнээн хувь нь бодит боловсрол болж хүүхдүүдэд очсон бэ гэдэг тун бүрхэг. Хичээлийн хоцрогдол асар их болж, танхимын хичээлийн ач холбогдол, үр нөлөө ямар чухлыг бодитоор харуулж буй энэ цаг үед боловсролын байгууллага танхимын сургалтаа эхлүүлж байна.
Нийтээр эзэмших боловсролоос хэнийг ч орхигдуулахгүй байх тал дээр онцгой анхаарахгүй бол танхимын бус сургалтад хамрагдах боломжгүй маш олон хүүхэд хохирч үлдэж байгаа. Ялангуяа алслагдмал нутгийн, суурингаас хол гэртэй хүүхдүүд дэд бүтцийн нөхцөл байдлаас шалтгаалан хичээл сургалтад хамрагдаж чадахгүй байх тохиолдол элбэг байв. Гэсэн хэдий ч хөдөө орон нутгийн зарим сургуулиуд хичээл сургалтын материалыг цаасан хэлбэрээр сурагчдадаа хүргүүлэх, тараах гэх мэт зохион байгуулалтыг хийж, хүч бололцоогоо дайчилж ажиллахад ч хүрсэн юм. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 848 ерөнхий боловсролын сургуульд 710 гаруй мянган хүүхэд суралцаж байгаа гэсэн тоо байна. Үүнээс 183 мянган хүүхэд цахим хичээл, теле хичээлд хамрагдах боломжгүй, гар утасгүй, зурагтгүй, интернэтгүй байна гэсэн судалгаа гарчээ.
Өнгөрсөн хугацаанд бий болсон
хичээл, боловсролын хоцрогдлыг хамгийн багадаа 3-5 жилд нөхнө гэж тооцон
төлөвлөж байгаа. Ерөнхий
боловсролын сургуулийн хоёр болон гуравдугаар ангийн хүүхдүүд хамгийн их
хоцрогдол амссан гэсэн судалгаа гарчээ. Хүүхдүүд сурах ёстой нийт мэдлэгийнхээ
тал хувийг нь л авсан байна гэж үзэж байгаа аж. Ер нь унших болон тоо бодох
суурь чадвар зэрэг нь ковидын үеэс өмнө буюу 2018 онд хийсэн судалгаагаар 50
хувь нь хоцрогдсон гэсэн дүгнэлтэд хүрч байж.
Мөн боловсролын хоцрогдол ямар
түвшинд хүрснийг оношлох “гарааны үнэлгээ” гэгч зүйлийг хийсэн. Эндээс гарсан
дүгнэлтээр бол 2 мянга орчим хүүхэд хичээл завсардах эрсдэлтэй болсон байна гэж
үзжээ. Ковидын үеийн боловсролын хоцрогдлоос үүдэж ирээдүйд эдийн засгийн хувьд
ч асар их хохирол нүүрлэх аюултай. “Ковидын үеийн хүүхдүүд” нэртэй бүхэл бүтэн
нэг үе үүсэх бодитой аюул нүүрлэснийг судалгаа харуулсаар байна. Тийм ч учраас
салбарын яам эрдэмтэн судлаач, багш нартай хамтран хүүхдүүдэд тулгарсан энэ
байдлыг засаж, тэднийг гарз хохиролгүй болгоход анхаарлаа хандуулж байна.
Дөрвөн хүүхдийн нэг нь хичээлийн
хоцрогдлоос шалтгаалж сэтгэлзүйн дарамтад орсон, мөн дэлгэцийн хэт хамааралтай
болсон гэх мэт олон асуудал бий болсон. Энэ мэт шалтгааныг харгалзан ерөнхий
боловсролын 150 орчим сургуульд сэтгэлзүйч ажиллуулж эхэлсэн. 2024 он гэхэд бүх
сургуульд сэтгэлзүйчтэй болохыг зорьж байгаа тухай салбарын сайд дуулгаж буй.
Хэдийгээр өнгөрсөн намар цар
тахлын нөхцөл байдал тун амаргүй байсан ч бүх шатны боловсролын байгууллага үйл
ажиллагаа явуулж эхэлсэн нь тухайн үедээ эрсдэлийн эсрэг чамгүй зоригтой
шийдвэр болсон билээ. Боловсролын болон эрүүл мэндийн салбарын эрдэмтэн
судлаачдын оролцоотой төлөвлөж гаргасан 5/9 гэсэн зарчмаар хичээллэх явцад нэг
ч сургуульд голомтолсон халдвар гараагүй байна. Энэ нь эрсдэлээс хамгаалах үр
дүнтэй хэлбэр болж чадсан учир цаашид нөхцөл байдал хүндэрсэн үед ашиглаж болох
сайн туршлага болж чадлаа гэж үзэж болох.
Өөрөөр хэлбэл онлайн хэлбэрээр
хичээл сургалтын үйл ажиллагаа явуулах багагүй туршлагатай болж чадсан нь нэг
талаасаа амжилт. Энэ туршлага дээрээ түшиглэн зайнаас суралцах боломжийг суралцагсдад
нээх, технологид суурилсан сургалтыг хөгжүүлэх сайн эхлэл боловсролын салбарт
бий болж байгаа юм. Танхимын болон
танхимын бус гэсэн хосолсон хэлбэрээр хичээл сургалт явуулах боломж нээгдэж
байгаа хэдий ч хүүхэд авах ёстой мэдлэг боловсролынхоо дор хаяж 70 хувийг нь
танхимаар олж авах ёстой гэсэн зарчмыг баримтлахаа салбарынхан мэдэгдэж байгаа.
Ер нь цаашид хосолсон сургалтын аргачлалыг илүү боловсронгуй болгосноор манай боловсролын салбарт бий болсон хэт их ачааллыг нимгэлэхэд тус үзүүлэх нь дамжиггүй. Ялангуяа нийслэл хотын болон төвийн бүсийн аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудын хэм хэмжээнээсээ илүү ачаалал үүрч байгаа байдал, хэт олон хүүхэд нэг ангид суралцдаг байдлыг нааштайгаар зохицуулахад ч нэмэртэй юм.