Дэлхийн чипний борлуулалт анх удаа 500 тэрбум ам.доллар давжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-02-21 15:03:36

ТОКИО. /Kyodo/. Дэлхийн эдийн засаг цар тахлын үр дагавраас сэргэж байгаатай зэрэгцэн улам даамжирч буй чипний нийлүүлэлтийн хямралыг даван туулахын тулд үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ эрчимжүүлж байгаатай холбоотойгоор чипний борлуулалт 2021 онд анх удаа 500 тэрбум ам.доллар давжээ.


Хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн холбооноос /SIA/ саяхан танилцуулсан тайланд дурдсанаар, өнгөрсөн онд үйлдвэрлэгчид түүхэнд байгаагүй хамгийн олон буюу 1.15 их наяд ширхэг чип нийлүүлснээр борлуулалт нь 555.9 тэрбум ам.долларт хүрсэн нь 2020 оныхоос /440.4 тэрбум/ 26.2 хувиар өссөн үзүүлэлт болжээ.


Автомашин, компьютерын тоглоомын удирдлага, сүлжээний болон гар утасны тоног төхөөрөмжүүдөөс гадна өргөн хэрэглээний болон аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнүүдэд өргөнөөр хэрэглэгдэх болоод буй чипний эрэлт улам өсөн нэмэгдэх төлөвтэй байгаа юм.


“Дэлхий дахинд чипний хомсдол нүүрлэсэн 2021 онд хагас дамжуулагч үйлдвэрлэгчид эрэлт хэрэгцээг хангахын тулд үйлдвэрлэлээ урьд хожид үзэгдээгүйгээр эрчимжүүлсэн нь борлуулалт ийнхүү өсөхөд нөлөөллөө. Ирэх жилүүдэд чипний эрэлт улам нэмэгдэх төлөвтэй байна” гэж “SIA” холбооны тэргүүн Жон Нойффер мэдээлжээ.


Чипний борлуулалтыг бүс нутгаар авч үзвэл, дэлхийн чипний хамгийн том зах зээл болох БНХАУ-д 27.1 хувиар, Америкт 27.4 хувиар, Европт 27.3 хувиар, Японд 19.8 хувиар, Ази-Номхон далай болон бусад зах зээлд 25.9 хувиар тус тус өссөн байна.


Эрэлт ийнхүү өндөр байгаа нь чипний хомсдол ойрын хугацаанд шийдэгдэх магадлалыг бууруулж байна. Саяхан “Toyota Motor” компани цар тахал, чипний хомсдолоос үүдэн тодорхойгүй байдал үүсээд байгаатай холбогдуулан 2022 оны гуравдугаар сар хүртэл үйлдвэрлэх автомашины тоогоо 9 саяас 8.5 саяд хүргэн бууруулсан юм.


Мөн Германы “Volkswagen” компанийн тэргүүн Херберт Дисс лхагва гарагт, чипний хомсдол энэ жилийг дамнан үргэлжлэх төлөвтэй байгаа ч оны хоёрдугаар хагаст үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн хэлснийг “Reuters” агентлаг уламжилсан байна. 


Өнгөрсөн оны сүүлээр “Intel” компанийн гүйцэтгэх захирал Пэт Гелсингер хагас дамжуулагчийн хомсдол 2023 он хүртэл үргэлжилж магадгүй гэж хэлсэн байна. Тус компани нь үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд Малайзад ирэх 10 жилийн хугацаанд 30 тэрбум ринггит /7.2 тэрбум ам.доллар/ зориулахаар төлөвлөж байгаа ажээ.


Хагас дамжуулагч үйлдвэрлэгч бусад компаниуд ч мөн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахын тулд хүчин чадлаа сайжруулахыг зорьж байна. Тухайлбал, “Taiwan Semiconductor Manufacturing” компани Японы Күмамото мужид “Sony Semiconductor Solutions” болон автомашины эд анги үйлдвэрлэгч “Denso” компанитай хамтран үйлдвэр байгуулахад 8.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах төлөвлөгөөгөө танилцуулжээ. 

Холбоотой мэдээ