Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадад автомашин, техник, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-02-22 13:18:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-өөс Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадын үйл ажиллагааг тогтвортой, тасралтгүй явуулахыг дэмжин 7 фургон автомашин, төслийн хүрээнд барьсан 55 барилгад 22 нэр төрлийн 575 техник, тоног төхөөрөмж гардуулан өглөө.


Энэ төсөл нь 2015-2027 онд хамгийн урт удаан хугацаанд, тогтвортой хэрэгжиж байгаа төсөл юм.

Техник хэрэгсэл гардуулах үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд төслийн санхүүжилт олгож буй ХБНГУ-ын Засгийн Газар, Германы сэргээн босголтын зээлийн банканд талархал илэрхийлээд, Улсын тусгай хамгаалалттай газрын хамгалалтын захиргаадад төслөө амжилттай хэрэгжүүлэн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашигтай байдлыг нэмэн цогцоор хөгжүүлж, биологийн олон янз байдлыг хамгаалж, орчны бүс дэх орон нутгийн ард иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжихэд амжилт хүсэв.



Энэ үйл ажиллагаанд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, ТНБД Э.Баттулга болон БОАЖЯ-ны албаны бусад төлөөлөл, ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Й. Розенберг, Германы Сэргээн босголт, зээлийн KfW банкны Монгол дахь салбарын захирал М.Зумзер оролцлоо.

Холбоотой мэдээ