Аймаг орон нутгаар нь төллөх малын тоог нягтлан гаргаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-02-24 16:13:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг орон нутгаар нь төллөх малын тоог нягтлан гаргаж байгаа бөгөөд энэ тоог ирэх сарын 15-наас ХХААХҮЯ нэгтгэнэ. Өнгөрсөн жил мал тарга хүч сайн авсан учир зүй бус хорогдол бага байх төлөвтэй байгаа тухай ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх тус яамны цахим хуудсанд өгсөн ярилцлагадаа мэдээлжээ.


-Улсын хэмжээнд хаваржилт хэр байна вэ?

Одоогоор мал аж ахуйн хаваржилт хэвийн байна. Энэ оны нэгдүгээр сард 11.100 толгой мал хорогдсон дүн гарсныг өнгөрсөн оныхтой харьцуулбал 285 мянган толгойгоор багассан. Харин 2020 оны мөн үед 48.6 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байсан.

Улсын хэмжээнд малчид бэлтгэсэн өвс, тэжээлийнхээ 50 орчим хувийг зарцуулаад байна. Энэ нь нийт нутаг дэвсгэрт өвөлжилт харьцангуй хэвийн, тогтвортой байна гэсэн үг юм. Бас нэг гол үзүүлэлт бол аймаг, сум, дүүргийн хэмжээнд бэлтгэсэн өвс, тэжээлийн нөөц 76-гаас дээш хувийн үлдэгдэлтэй байна. Зах зээлд ч өвс, тэжээлийн үнэ хямд, хангамж хүрэлцээтэй байгаа. Өвсний үнэ газар зүйн байрлалаас хамаараад 2000-5000, ногоон тэжээл 6000 төгрөг, хорголжин тэжээл 735 мянга буюу нэг шуудай нь 29500, хивэг 1 тн нь 630 мянга буюу 16500 төгрөг байна. Эдгээрээс дүгнэхэд мал аж ахуйн хаваржилт хэвийн байна гэж болно. Нөгөөтээгүүр цасны зузаан нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд нэмэгдсэн.


Тухайлбал, өнөөдрийн байдлаар Говь-Алтайн зүүн тал, Баянхонгорын өмнөд хэсэг, Дундговь, Архангай талдаа цас багатай, бусад аймагт цасан бүрхүүл 1-25 см зузаан байна.


ХХААХҮЯ-ны ажлын хэсэг зүүн аймагт ажиллалаа. Хэнтийд малын амны цас хангалттай байна. Хэнтийгээс Дорнод аймаг хүртэлх замд дун цагаан, өвөл болж байгаа юм шиг сайхан цастай байв. Цас багатай аймгуудад ус хангамж хүндрэх төлөвтэй байсан. Харин энэ сарын 18-ны мэдээллээс харахад харьцангуй боломжийн хаваржих нөхцөл бүрдсэн гэж үзэхээр байна.


-Зүүн аймгуудын хувьд хаваржилтын нөхцөл байдал хэр байна?  

Бэлчээрийн даац, Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр Засгийн газрын хэрэг эрхлэх газар, ХХААХҮЯ хамтарсан семинарыг зүүн бүсийн аймгуудын дунд зохион байгуулсан. Энэ үеэр зүүн бүсийн аймгуудын мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын нэгдсэн дүнтэй танилцлаа.

Аймгуудаас ус хангамжийн тухайд тодорхой санал хэлж байсан. Тухайлбал, Сүхбаатар аймаг нийт бэлчээрийн 50 орчим хувийг усжуулсан. Цас багатай үед ус хангамж хүндрэх төлөвтэй, 2021 оны байдлаар нэг худгаас 3000-5000 толгой мал услах боломжтой. Цаашдаа ус хангамжийг шийдсэнээр нэг бэлчээрт төвлөрч буй малын тоог цөөлөх, бэлчээрийн хүртээмжийг сайжруулахад тодорхой ажил хийх шаардлагатай талаар дүгнэж ярилцсан.


-Энэ жил хэчнээн тоо толгой мал төллөх вэ?

Төл мал хүлээн авах тоог ирэх сарын 15-наас ХХААХҮЯ нэгтгэн зохион байгуулна. Аймаг орон нутгаар нь малын төллөх тоог нягтлан гаргаж байна. Өнгөрсөн жил мал тарга хүч сайн авсан учир зүй бус хорогдол бага байх төлөвтэй. Төллөх мал ч тарга хүчтэй байгаа учир энэ онд төл олныг  хүлээн авах боломжтой. Малын тарга хүч сайн байгаа нь сүүлийн хэдэн жилд байгаагүй сайн мэдээ. Учир нь 2020-2021, 2019-2020, 2017-2018 онд нийт нутгийн хэмжээнд ган, зудтай, өвөлдөө их цас унасан, зарим үед бага цас орсон учир нэг, хоёрдугаар сарын үед мал усаар дутагдах зэрэг хүндрэл тулгарч байсан. Энэ жил бэлтгэсэн өвс тэжээлийнхээ ихэнх нөөцийг хоёр, гурав, дөрөвдүгээр сард хэрэглэх боломжтой учраас мал аж ахуйн үйлдвэрлэлд олон тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан гэх үндэслэлтэй.


-Өнгөрсөн онд өвөлжилт хүндэрсэн аймгуудад багагүй тусламж үзүүлсэн. Энэ онд ямар нэгэн тусламж дэмжлэг бий юү?

Ноднин өдийд говийн бүсийн 5 аймагт өвөлжилт хүндэрснээр 5 сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө гаргаж, бүрэн найрлагатай тэжээл худалдан авч орон нутагт хүргэсэн. Мөн олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрөөс эдгээр аймагт хүнсний болон бусад тусламж хүргэхэд олон тэрбум төгрөг зарцуулж байв. Энэ жил Засгийн газар, олон улсын байгууллагаас тодорхой тусламж дэмжлэг үзүүлээгүй, бид ч асуудал тавиагүй байна. Өнгөрсөн нэгдүгээр сард олон улсын байгууллагатай хурал хийх үеэр зарим байгууллага бэрхшээлтэй асуудлаа гаргаж тавих хэрэгтэй гэж байсан.

Үргэлж асуудалтай биш, зарим үед тайван, аж амьдралаа зохицуулах шаардлагатай шүү дээ. Тайван байгаа нь мал аж ахуйн салбарын хөгжил, малчдын өвлийг даван туулах чадавх сайжирч байгаатай холбоотой. Өвлийн хүнд нөхцөлд хариу арга хэмжээ авах аймаг орон нутгийн чадавх ч сайжирч байгаа. Энэ бүхэн цаг агаарын өөрчлөлтөд дасан зохицох, хариу арга хэмжээ авах, төлөвлөх, эрсдэлийг багасгах төсөл хөтөлбөрийг олон улсын байгууллагаас сүүлийн 2-3 жилд хэрэгжүүлж байгаатай холбоотой.

Түүнчлэн 2021 онд мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын эрсдэлийг багасгахын тулд ОХУ-аас 80 орчим тн тэжээл импортолсон. Тэжээл импортлоход гаалийн албан татвар, НӨАТ-аас 2021 оны 7 сарын нэгэн хүртэл чөлөөлсний үр дүнд мал аж ахуйн салбар тогтвортой байгаа. Гэхдээ цаг агаарын нөхцөл байдал маргааш, нөгөөдөр ч хүндэрч болохыг таах боломжгүй. Энэ хавар их хэмжээний цас орох, салхи шуургатай, байгаль цаг агаарын хүндрэлтэй нөхцөл бий болох магадлалтай. Ийм учраас малчид, иргэд одоо байгаа өвс, тэжээлийнхээ нөөцийг энэ хаврын хүндрэл тохиолдож болзошгүй цаг үед хэрэглэх, төл бүрийг мал болгоход одооноос анхаарах шаардлагатай юм.




Холбоотой мэдээ