Төслөөс долоон ААН, 19 иргэн нийт 654.9 сая төгрөгийн зээл авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-03-03 14:43:52

Архангай /МОНЦАМЭ/. "Зах зээл ба Бэлчээрийн удирдлагын хөгжил нэмэлт Санхүүжилт" /ЗЗБУХНС/ төслийн хүрээнд бизнес эрхлэгч иргэд, хуулийн этгээдэд төслийн зээлийг Төрийн банкаар олгож эхэллээ.

Тус зээлийг 2020 оноос ХААН банкаар олгож эхэлсэн ба өнөөдрийн байдлаар Архангай аймгийн хэмжээнд 7 ААН, 19 иргэн нийт 654.9 сая төгрөгийн зээл авч, үйл ажиллагаагаа  явуулж байна. "Зах зээл ба Бэлчээрийн удирдлагын хөгжил нэмэлт Санхүүжилт" төслийг НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх Олон улсын сангийн санхүүжилтээр ХХАААҮЯ-наас хэрэгжүүлдэг.


Төрийн банкаар төслийн зээлийг олгох болсонтой холбоотойгоор 2022 оны 2-р сарын 25-ны өдөр Архангай аймгийн ХХААГ-ын сургалтын танхимд бизнес эрхлэгч ААН, иргэдэд Төрийн банк, аймгийн ХХААГ, ЗЗБУХНС-ийн төслөөс “Иргэд, ААН-үүдэд зориулсан зээлийн мэдээлэл” сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад нийт 20 орчим бизнес эрхлэгч оролцож “Санхүүгийн хэрэгцээг хангах, санхүүгээ удирдах”, “Бизнесийн болон  ЗЗБУХНС-ийн төсөл болон бусад төслийн зээлийн танилцуулга”, “Төслийн менежмент”, “Зээл авахад ААН иргэдэд тулгамдаж буй асуудал” “Зээлийн батлан даалтын сан”-гийн талаар мэдээлэл хүргэжээ. Тус сургалтад дээрх байгууллагуудаас гадна Монгол банкны Архангай салбарын зээлийн батлан даалтын сангийн мэргэжилтэн оролцов. 

Холбоотой мэдээ