Б.Ариунзаяаг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бусадтай зүй бус харилцсан үндэслэлээр цагдаагийн байгууллагад шалгагдаж буй иргэн Б.Ариунзаяаг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагаас шүүхэд хүргүүлжээ.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын
газраас яллагдагч Б.Ариунзаяад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн
14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан
“Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, мөн тодорхой
хүнтэй уулзахыг хориглох буюу хохирогч М
болон түүний ар гэрийнхэнтэй уулзахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан
сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг өнөөдөр ирүүлснийг хүлээн авч хянан
хэлэлцлээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох
баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, өмгөөлөгчийн
санал зэргийг судалж үзээд прокуророос гаргасан “Тодорхой хүнтэй уулзахыг
хориглох буюу хохирогч М болон түүний ар гэрийхэнтэй уулзахыг хориглох”
хязгаарлалт тогтоох саналыг үндэслэлгүй гэж үзэн хүлээн авахаас татгалзжээ.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
хуулийн зорилтод нийцүүлэн өнөөдрөөс эхлэн "Монгол Улсын хилээр гарахыг
хязгаарлах хязгаарлалт" тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгчийн
захирамжийн хувийг Хил хамгаалах ерөнхий газарт даруй хүргүүлэхийг шүүгчийн
туслахад, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хил хамгаалах ерөнхий
газарт тус тус даалгаж шийдвэрлэсэн байна.
Эргэн сануулахад, иргэн Б.Ариунзаяа нь энэ сарын 2-нд “кофе шопт бусдын толгой дээр халуун кофе асгаж
танхайрсан” зүй бус үйлдлийн тухай бичлэг цахим орчинд цацагдсан юм.