Харилцаа холбоо, мэдээллийн салбарт ажиллагчдын 35.8 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-03-09 11:01:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт ажиллагсдын 64.2 хувийг эрэгтэй, 35.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.


Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хийсэн салбарын хүний нөөцийн судалгаагаар 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургуульд 31 161 оюутан төгссөний 887 нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлийнх байлаа. Үүнээс 72.2 хувь нь эрэгтэй, 27.8 хувь нь эмэгтэй оюутан байв.


Харин бакалаврын зэргийг 25 727 оюутан хамгаалснаас 820 оюутан харилцаа холбоо, мэдээллийн технологийн чиглэлээр төгссөн байна. Тэдний 70.07 хувь нь эрэгтэй, 29.93 хувь нь эмэгтэй оюутан. Мөн магистрын зэргийг 5273 оюутан хамгаалснаас 67 нь тус салбарынх юм. Тэдний 49 нь буюу 73,13 хувь нь эрэгтэй, 18 нь буюу 26,87 хувь эмэгтэй оюутан байгааг ЦХХХЯ мэдээлжээ.


Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт ажиллах эмэгтэй мэргэжилтний эзлэх хувь нь мэргэжлийн дэд бүлгүүдээс хамаардаг байна. Программ хангамж хөгжүүлэх, программчлалын чиглэлийн компанид эмэгтэй ажиллагч бага хувийг эзэлдэг бол мэдээллийн технологи, эрүүл мэнд, бизнесийн удирдлага, график, зураглал зэрэг мэргэжлийн хувьд харьцангуй их хувийг эзэлдэг байна. Жишээлбэл, Герман, Канадын график дизайнер, зураглаачдын 50 хувь нь эмэгтэй, Канадын эрүүл мэндийн мэдээллийн менежментийн менежерийн 89 хувь нь эмэгтэйчүүд аж.






Холбоотой мэдээ