Наймалжууд үлэг гүрвэлийн эрин үеэс өмнө амьдарч байсныг тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-03-11 12:04:34

ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Монтана муж улсаас ойролцоогоор 330 сая жилийн өмнөх үед хамаарах наймалжийн хамгийн эртний төрөл зүйлийг илрүүлжээ. 


Судлаачид эртний олдворыг урьдчилан таамаглаж байснаасаа олон сая жилийн өмнө хамаарагдах болохыг тогтоосон нь наймалжууд үлэг гүрвэлийн эрин үеэс өмнө амьдарч байсныг харуулж байгаа ажээ.


Ойролцоогоор 4.7 инч буюу 12 см урттай олдвор 10 хөлтэй байсан нь орчин үеийн наймалжуудынхаас хоёроор илүү юм. Энэхүү амьтан нь гүехэн ус, халуун орны далайн эрэгт амьдардаг байсан бололтой байна.


“Тодорхой хэдхэн тооны газруудаас бусад газраас ийм олдвор олдох нь маш ховор байдаг. Энэхүү гайхалтай олдвор нь эртний амьтдын гарал үүслийг урьд нь тогтоогоод байснаас улам урагшлуулж байна” гэж Смитсоны Байгалийн түүхийн үндэсний музейн амьтан судлаач Майк Векчионе ярьжээ.


Энэхүү олдворыг Монтана муж улсын “Bear Gulch” хэмээх шохойн чулуугаар баялаг газраас анх олж, 1988 онд Канадын Рояал Онтариа музейд хандивлаж байжээ.


Ийнхүү судлаачид тухайн газраас олдсон аварга загасны үлдэгдэл болон бусад олдворыг судалж байх зуур олон арван жилийн турш шүүгээнд хадгалагдаж байсан бөгөөд хожим нь шохойн чулуугаар бүрхэгдсэн уг олдворыг анзааран судалж эхэлсэн байна.


Урьд нь орчим үеийн наймалж, арваалжийн эртний төрөл зүйлийг 240 сая жилийн өмнө амьдарч байсныг тогтоогоод байжээ. Сайтар хадгалагдан ирсэн наймалжийн үлдэгдлийг судлаачид АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа шинжлэх ухаан, судалгааны ажлыг чухалчилж буйг сайшаан Силлипсимоподи байдени хэмээн нэрлэсэн байна. 

Холбоотой мэдээ