Хөдөө хээрийн тоосгүй наадам

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-27 10:10:37

Сүүлийн жилүүдэд Архангай аймаг хурдан мориныхоо уралдааныг Цэнхэр сумын нутаг –Өвөр хужиртын үзүүрийн Морь татдаг хэмээх тэнүүн уудам тал хөндийд явуулж, энгэр өсгөн барьж, эртний уламжлалаа сэргээж байгаа нь сайшаалтай.

Энэ нутаг орны тухай домог яриаг хойш тавьж, айрагдсан шандаст хурдан хүлгүүдийн эздийг танилцуулъя.

Азарганы уралдаанд Өндөр –Улаан, Чулуут, Цэнхэр, Эрдэнэмандал, Булган сумын уяач Б.Барбаатар, Н.Отгонбаяр, О.Батнасан, С.Даваадорж, Г.Дагийжанчив нарын хээр, улаан хээр, халтар цагаан зээрд, бор, хонгор зүсмийн хүлгийн магнайнууд айрагдаж, торгон жолоогоо өргүүлээ.

Их насанд Цэнхэр, Эрдэнэмандал, Батцэнгэл, Эрдэнэбулган, Хотонт сумын уяач Д.Дагвийхорол, С.Тогтохжаргал, Д.Доржзодов, Д.Билэгсамбуу, Ч.Тогтохбаяр нарын хүрэн саарал, хар саарал, хонгор ажнайнууд түрүү аман хүзүү, айраг авлаа.

Соёолон насанд Булган, Төвшрүүлэх, Чулуут, Өндөр-Улаан, Цэнхэр сумын уяат М.Батжаргал, Д.БатЭрдэнэ, Ц.Энхбаяр, С.Отгонцэрэн, С.Бат-Өлзий нарын уяа сойлго нь тааруулсан хүрэн, хар, саарал, халтар үрээнүүд хурдалж, торгон жолоогоо өргүүлэн цоллуулж наадамч олны магнайг тэнийлгэв.

Хязаалан насанд Булган, , Чулуут, Өндөр-Улаан, Эрдэнэбулган, Батцэнгэл сумын уяач Бат-Очир, Гунгаабуу, Барсболд, Ч.Мөнхбат, С.Бат-Эрдэнэ нарын бор хүрэн, хонгор, хүрэн халзан, хонгор халзан хүрэн хүлгүүд түрүүлж, айрагдсан.

Шүдлэнд насанд Хангай, Эрдэнэмандал, Тариат, Төвшрүүлэх, Булган сумын С. Ганзориг, С.Амартүвшин, М.Батболд, Ц.Угтахбаяр, Н.Гантулга нарын зээрд, хээр, алаг, буурал, хар зүсмийн хурдан үрээнүүд зөөлөн бороо намирсан тоосгүй замд хурдлан ирж тэргүүлэн уясан эзэн, унаач хүүхдээ баярлууллаа.

Хамгийн өхөөрдөм дааган насны уралдаанд Цэнхэр сумын уяач Б.Цэрэндамба, Д.Балжинням нарын цавьдар, бор халзан түрүүлж аман хүзүүдэн, Хотон сумын Д.Энхбаярын зээрд халзан удаалж, Өндөр-Улаан сумын уяач Д.Дүүрэнжаргал, Ш.Бадамжунай нарын хонгор, хүрэнхалзан дааганууд айрагдлаа.

Ийнхүү домогт Өргөөтийн талын түүхт газруудад хурдан морины уралдаан хоёр өдөр болж, нэг ёсондоо Цэцэрлэг хотынхон үндсэндээ гурав хоног цэвэр агаарт хөдөөлж цэнгэж наадлаа.

Л.Булган

Холбоотой мэдээ