Баян-Овоо суманд гурван давхар орон сууц ашиглалтад оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-03-17 09:53:07

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 18 айлын орон сууц нэг жилийн өмнө ашиглалтад оржээ.

Алслагдсан суманд хэрхэн шинэ санаачилга гаргаж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар иргэдээ орон сууцтай болгосон талаар сурвалжиллаа. Баян-Овоо сум нь аймгийн төвөөсөө 132 км, Улаанбаатар хотоос 480 км алслагдсан. 2020 онд Улсын тэргүүний сум болжээ. Сумын иргэд нутгийнхаа хөгжилд гар бие оролцож, хөдөөгийн буйдхан суманд хотын төвөөс дутахааргүй амьдарч болдгийг Баян-Овоочууд харуулж байна. Гурван давхар 18 айлын орон сууц 2021 оны хоёрдугаар сард ашиглалтад оржээ.

Орон нутгийн "СИ ЭЙЧ БИ ЖИ" ХХК өөрийн хөрөнгө болох 1,1 тэрбум төгрөгөөр барьж малчид, иргэдэдээ борлуулсан байна. Ингэхдээ ипотекийн зээлээр авах боломжоор хангажээ. B1 давхартаа 13 автомашины зогсоолтой, иргэдийн ая тухыг 100 хувь хангаж чадсаныг оршин суугчид ярьж байна.

Тус сум нь хүнсний талонгүй анхны сумын нэг аж. Талоноос татгалзсан иргэдээ байнгын ажлын байраар хангаж тус байрандаа хоёр хүнийг ажилтай болгожээ. Хараахан төвлөрсөн бохирт холбогдоогүй байгаа учир ЗИЛ-130 машинаар бохироо соруулдаг гэлээ. Мөн л оршин суугчид өөрсдөө санаачлан мөнгөө нийлүүлж тус машиныг худалдан авчээ. Орон сууцны хэрэгцээ шаардлага өндөр байгаа учир дараагийн 13 айлын орон сууцны барилгын ажил хэдийнээ эхэлжээ.

Холбоотой мэдээ