Төв аймгийнхан болзолт уралдаанд идэвхтэй оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-03-22 10:29:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимтын хороо /МҮОХ/-ноос БШУЯ, БТСУХ-той хамтран 21 аймаг, 9 дүүргийн дунд зарласан “Олимпын боловсрол ба бие бялдрын хүмүүжил” сэдэвт болзолт уралдааны явц Төв аймагт ямар байгаатай танилцав.


МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатарыг Төв аймгийн Засаг даргын орлогч Ц.Буманбуян, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга С.Цогбаяр, БТСГ-ын дарга Д.Алтанхуяг, “Сөүл” олимпын зөвлөлийн дарга Ц.Чанцал нар Төв аймагт угтан авч, ажлаа танилцуулан санал солилцлоо.


Өмнө нь 2017-2018 оны болзолт уралдаанд Төв аймаг амжилттай оролцож, нийлбэр дүнгээр эхний тавд орсон. Энэ удаад ч нэгдсэн зохион байгуулалттай бэлтгэл ажилдаа шуурхайлан орсныг Ц.Чанцал дарга дуулгав. Аймгаас спорт, олимпизмыг хэрхэн дэмжиж байгааг Засаг даргын орлогч Ц.Буманбуян танилцуулав.


Тэрбээр: “Манай аймгийн удирдлагууд орон нутагтаа спорт, олимпизмыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгөх үүрэг хүлээсэн хүмүүс. Манай аймгаас олимпын алт, мөнгө, хүрэл медальтан төрөн гарсанд бид бахархалтай байдаг. Үүнийгээ нэмэх том зорилготой. Аймгаас олон улсын цанын бааз барихад зориулан Борнуур суманд газар олгосон. Энэ төслийг дэмжин ажиллаж байгаа. Мөн спортын төрөлжсөн сургалттай сургууль баригдаж байна. Бүх сумыг нийтийн биеийн тамирын талбайтай болгосон гээд энэ чиглэлд хийж хэрэгжүүлсэн ажил багагүй бий. Бид болзолт уралдааны хүрээнд хүүхэд залуусын бие бялдрыг хөгжүүлэх, мэдлэгийн хүрээг тэлэх чиглэлд түлхүү анхаарч, хүн рүү чиглэсэн ажлууд хийхээр бодож, төлөвлөж байна” гэв.


Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар энэ үеэр аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулиудаар зочилж, олимпын танхимуудтай танилцлаа. 3400 гаруй сурагч, хичээлийн гурван байртай үйл ажиллагаа явуулж буй “Хүмүүн” цогцолбор сургууль хичээлийн байр бүртээ жишиг олимпын танхим байгуулсан. Аяны хүрээнд олимпын танхимаа шинэчлэн сайжруулж, төрөл бүрийн тэмцээн зохион байгуулж байгааг сургуулийн захирал Л.Эрдэнэцэцэг танилцуулав.

Тэрбээр өмнөх болзолт уралдаанд хамт олноо амжилттай удирдан оролцож, 2018 оны Азийн наадам үзэх эрхээр шагнуулж байсан юм.



Харин 5-р сургуулийн тухайд болзолт уралдааны хүрээнд төлөвлөгөө гарган ажиллаж буй талаар захирал Д.Хуягбаатар хэлэв. “Хүүхдүүд үзэж харахад хүртээмжтэй байх үүднээс олимпын танхимаа коридорт байгуулсан. Бид аяны хүрээнд өмнөх танхимаа шинэчлэн сайжруулж байна” хэмээн Д.Хуягбаатар захирал хэлэв.


Зүүндэлгэр багийн 4-р сургуулийн тухайд олимпын танхимаа засаж тохижуулах ажлыг хэдийн эхлүүлжээ. Одоохондоо бүрэн гүйцэд болоогүй ч ойрын үед хийж дуусгахаар төлөвлөж буйгаа сургалтын менежер Б.Хунтогос хэлэв.


Аймгийн БТСГ-ын тухайд 2022 онд хийгдэх ажлынхаа бүх төлөвлөгөөг оны эхэнд гаргасан бөгөөд энэ жил спортын 100 гаруй арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Зөвхөн гуравдугаар сард л гэхэд 23 тэмцээн зохион байгуулна гэдгийг аймгийн БТСГ-ын дарга Д.Алтанхуяг хэлсэн.


Өдгөө аймгийн хэмжээнд 13 төрлөөр өсвөрийн шигшээ баг хичээллэж байгаа бөгөөд биеийн тамирын гадна талбайн стандартыг нэвтрүүлж, сумдынхаа биеийн тамирын талбайг тохижуулж байгаа аж.


Төв аймгийн хэмжээнд болзолт уралдааны хүрээнд ихээхэн ажил ундарч байгаатай ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар өөрийн биеэр танилцаж, шаардлагатай заавар зөвлөгөө өгч, бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

Өнгөрсөн оны 12 дугаар сарын 27-нд эхэлсэн болзолт уралдаан энэ оны 5 дугаар сарын 15-нд дуусч, дүнгээ гаргах юм.



Холбоотой мэдээ