Их Эеийг ирэх сард хуралдуулахаар тогтжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны ээлжит Их Эеийг 2022 оны 4 дүгээр сарын есний өдөр хуралдуулахаар тогтжээ.
Уг товыг МҮБХ-ны дүрмийн 11.2.2-т “МҮБХ-ны цэцдийн зөвлөлөөс Их эеийн товыг
зарлаж, төлөөлөгч сонгох журмыг батална”, мөн дүрмийн 11.2.1-д “МҮБХ-ны удирдах
дээд байгууллага нь Их Эе байна. Их Эе 4 жил тутамд 256-гаас доошгүй төлөөлөгч
хуралдана”, 11.18-д “Цэцдийн зөвлөл МҮБХ-ны ээлжит Их Эеийн товыг зарлана”
хэмээн тус тус заасныг үндэс болгосон аж.
Улмаар 2022 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн “Цэцдийн зөвлөл”-ийн гишүүдийн цахим хурлаас нийт 67 гишүүний 46 нь буюу 68,7 хувь нь Цэцдийн зөвлөлийн зарим гишүүдийн гаргасан “Ээлжит Их Эеийг 2022 оны 4 дүгээр сарын есний Бямба гарагт хуралдуулна” гэсэн саналыг дэмжсэн тул ийнхүү ээлжит Их Эеийг уг товлосон өдөр хуралдуулах юм байна.
Тус хуралд бэлтгэх Ажлын хэсэг, Дүрмийн комиссыг тус бүр 5 хүний
бүрэлдэхүүнтэй байгуулах бөгөөд Цэцдийн зөвлөлийн гишүүдээс орж ажиллах
гишүүд 2022 оны 3 дугаар сарын 25-ны дотор
саналаа өгөхийг МҮБХ-ноос мэдээллээ.
УИХ-ын энэ хаврын чуулганаар Үндэсний баяр наадмын тухай хуулийг хэлэлцэх
бөгөөд энэхүү Их Эе хурлаар зарим шийдэгдээгүй асуудлуудаа төлөөлөгчид
зөвлөлдөж, нэгдсэн саналаа гаргах юм байна.
Ташрамд дуулгахад, Өнгөрсөн оны ээлжит бус Их Эе хурлаар
холбооны шинэ тэргүүнээр улсын заан Ц.Магалжавыг сонгосон ч допинг, цолны
эрэмбэ, барьц сонгооны асуудал, цол нөхөн олгох, хураах талаар нэгдсэн шийдвэр
гаргаж чадаагүй билээ.