“Tianwen-1” Ангарагийн гэрэл зургуудыг дамжуулжээ

ДЭЛХИЙД | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2022-03-24 16:50:09

БЭЭЖИН. /China Daily/. Хятадын “Tianwen-1” аппарат Ангараг гаргийн өндөр нарийвчлалтай гэрэл зургуудыг дамжуулжээ. Үүнд тус гаргийн гадаргуу дээр дэгдсэн шороон шуургыг харуулсан зургууд ч мөн багтжээ.


Хятадын Үндэсний сансар судлалын газраас пүрэв гарагт дэлхийгээс 277 сая км зайд орших тус гараг дээр 609 өдөр судалгаа хийж буй аппаратаас ирүүлсэн зургуудыг танилцуулсан байна.


Гэрэл зургуудад Ангарагнаа явагч “Zhurong” төхөөрөмжийн явсан мөр харагдаж байжээ. Уг төхөөрөмж нь Ангарагийн 306 өдөр ажиллах хугацаандаа гаргийн гадаргуу дээр 1784 метр замыг туулсан байна.


Zhurong” мөн өөрийнхөө зургуудыг авсан бөгөөд тэдгээрийг нь Ангарагийн гадаргуу дээр анх газардаж байх үеийнхтэй нь харьцуулахад гадна хэсэгт нь тоосон давхарга үүссэн нь ажиглагджээ.


Тоос шороо нь төхөөрөмжүүдийн эрчим хүчний хангамжийг бууруулж болзошгүй юм. Хятадын судлаачид тоосжилтоос үүдэлтэй бүтээмжийн бууралтыг нөхөх зорилгоор “нарны далавчийг” тусгайлан зохион бүтээсан байна.


Одоогийн байдлаар явагч төхөөрөмж судалгаагаа үргэлжлүүлэх хангалттай эрчим хүчтэй байгааг Үндэсний сансар судлалын газрын мэдэгдэлд дурджээ.


Tianwen-1” нэгдүгээр сарын сүүлчээс Ангарагийн хойд хагас дахь тоосны байдлыг ажиглаж, хоёрдугаар сард болсон шороон шуурганы зургийг илгээжээ. Харин “Zhurong” төхөөрөмжийн судалгааны бүсэд илт тоос шороотой цаг агаар ажиглагдаагүй байна. 

Холбоотой мэдээ