Төвлөрлөөс салгах төлөвлөгөө

ТОЙМ
uranatuya@gmail.com
2022-03-25 12:41:35


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатарыг төвлөрлөөс салгах төлөвлөгөө буюу шинэ суурьшлын бүс байгуулах тухай асуудал он оныг дамнан яригдаж буй ч хотын ачаалал толгойны өвчин хэвээр байна. Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгт жагсдаг атлаа нийт нутаг дэвсгэрийн ердөө 0.3 хувийг эзэлдэг нийслэлдээ хүн амын талаас илүү нь амьдардаг. Тэдний 60-аас илүү хувь нь гэр хороололд, зарим хэсэг нь гэрэл цахилгаан ч үгүй амь зууж байгаа нь манай улс аль зэрэгт хөгжиж байгааг бэлхэнээ илтгэж буй хэрэг.


Жилдээ 80 мянган хүн нийслэлд оршин суухаар ирж, энэ хэрээр нийслэл ачааллаа дийлэхээ больсоор байна. Их дээд сургуулиудын 90 хувь, худалдаа үйлчилгээний 86 хувь, аж ахуйн нэгжүүдийн 76 хувь төвлөрсөн, нэг ёсондоо амьдрахад арай дөнгүүр нь болох Улаанбаатарыг бараадахаас өөр сонголт иргэдэд одоо алга. Хөдөөгөө хөгжүүлж чадаагүй, хотоо төлөвлөж байгуулаагүй улсын хувьд дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага шинэ түвшинд оччихоод байхад байшин барилга, хашаа сууц ярьсаар суугаа нь чамлалттай. Нэгэнт хот хөдөөгийн тэнцвэр алдагдсан, эдийн засаг нэг газарт төвлөрсөн, дэд бүтэцээ тэлж урагшлуулаагүй учраас дараа дараагийн бүтээн байгуулалтын алхмуудыг хийхэд асар их хүнд байдаг аж.


Юутай ч тооцоололгүй, хариуцлагагүй, алс хэтийг хараагүй бодлого шийдвэрүүдийн үр дүнд бий болсон өнөөдрийн Улаанбаатарыг тэлж, шинэ суурьшлын бүсүүд бий болгох төлөвлөгөө хэдийнээ гарсан. Таван байршилд хүн амын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай орчинг бүрдүүлэх хот байгуулалтын баримт бичгийг ч боловсруулсан байдаг. 




Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 167 дугаар тогтоолоор батлагдсан Шинэ суурьшлын бүсийн таван байршил нь:


1.    Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүс

2.    Авто худалдааны төв орчмын шинэ суурьшлын бүс

3.    Био-Сонгино орчмын шинэ суурьшлын бүс

4.    Улиастайн амны шинэ суурьшлын бүс

5.    Яармагийн спорт цогцолбор орчмын шинэ суурьшлын бүс










Дээрх газруудад шинэ суурьшлын бүсийн хот төлөвлөлтийн суурь судалгаа хийж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулан баталсан. Гэвч сонгогдсон хэд хэдэн байршилд иргэн, аж ахуйн нэгжид газар давхардуулан олгосон явдал хариуцлагагүй албан тушаалтны уялдаа холбоогүй шийдвэрээр гарч байв. Энэ мэт алдаа нь дахин төлөвлөхөд хэтэрхий оройтсон нийслэлийг дагуул хотоор тэлж сийрэгшүүлэх ажилд саад болсоор байгаа юм. 


Дан ганц нийтийн тээврийг шинэчилж, хотын доторх зам дэд бүтцийг дээрдүүлснээр асуудал шийдэгдэхгүй. Агаар орчны бохирдол, автозам дээрх түгжрэл, бөөгнөрсөн байшин барилгуудын дундах эмх замбараагүй амьдралыг цэгцлэхэд туслах хамгийн оновчтой шийдэл гарц нь яах аргагүй шинэ суурьшлын бүс, дагуул хотыг байгуулах явдал. Түүнчлэн ойрын үеийн нэг томоохон зорилтот ажил бол Богдхан уулыг тойрсон 136 километр төмөр зам шинээр байгуулах. Энэ төмөр зам баригдсанаар Улаанбаатар хотын дундуур нэвтрэн өнгөрдөг төмөр замын ачаалал буурч, нийслэлийн төв дэх тээвэр логистикийн болон худалдааны томоохон төвүүдийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэх боломжтой болно. 


Дагуул хот сууринг соёл боловсрол, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, тээвэр логистик, эдийн засгийн тусгай бүс, аялал жуулчлалын чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлж, ажлын байрыг олноор, шинээр бий болгосноор Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах юм. Улаанбаатар хотын хүн ам, барилгажилтын хэт төвлөрлийг задлах зорилгоор соёл боловсрол, банк, санхүү, худалдаа үйлчилгээ, орон сууц, нийгмийн дэд бүтцийн хангамж бүхий “Яармаг” шинэ хотын төв, “Баянхошуу”, “Сэлбэ”, “Шинэ төв”, “Сонсголон”, “Амгалан” дэд төв болон гэр хорооллын бүсэд 26 олон нийтийн төвийг байгуулахаар төлөвлөж байгаа.


Мөн ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлснээр иргэдийн амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрөөх тохилог орчин ч бүрдэнэ. Багтаамж ихтэй, үйлчилгээ сайтай нийтийн тээврийн сүлжээг бий болгож замын ачааллыг хөнгөлөх зэрэг маш олон хийж шийдвэрлэх ажлууд ар араасаа жагсаж байгаа. Шинэ суурьшлын бүсэд сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төвүүд, эмнэлэг сувилал, засаг захиргааны нэгж зэрэг хэрэгцээтэй бүхнийг байгуулж, ажлын байрууд бий болгон иргэд суугчид заавал хотын төврүү зорчих шаардлагагүйгээр ажил амьдралаа зохицуулдаг болгох нэн шаардлагатай.


Жишиг суурьшлын бүс байгуулах төлөвлөгөөг 2021-2025 он, 2026-2030 он, 2031-2040 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх бөгөөд хувийн хэвшлийн болон НОСК-ийн санхүүжилт, улс, нийслэлийн хөрөнгө оруулалтыг татах юм.

Иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ хугаслан байж төв бараадсаар байгаа нөхцөл байдлыг засаж залруулах, нэгэнт бий болсон төвлөрлийг ухаалаг шийдэх арга зам нь мэдээж шинээр төлөвлөж байгаа дээрх суурьшлын бүсүүдээ цогц байдлаар түргэн хугацаанд бүтээн босгох явдал. Үүнийг олон нийт шаардаж, хүлээж байна. 




Холбоотой мэдээ