Угтах хаалга болгох зорилтын дагуу одоогоор 7000 гаруй мод тарьж, ургуулж байна

ОРОН НУТАГТ | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2022-03-27 13:36:07

Ховд /МОНЦАМЭ/. “Эх дэлхийн цаг” үйл ажиллагааг Ховд аймагт зохион байгуулж, мод тарихыг уриаллаа. 

Тодруулбал, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг жил бүр хэрэгжүүлж, олон нийтийг нэгдэхийг уриалж байна.

Энэхүү уламжлалын дагуу “Эх дэлхийн цаг” олон нийтийг хамарсан үйл ажиллагааг гуравдугаар сарын 26-ны өдөр Ховд аймагт зохион байгууллаа.

Өмнөх жилүүдэд “Эх дэлхийн цаг” үйл ажиллагааны хүрээнд "Лаатай үдэш"-ийг аймгийн төв талбайд зохион байгуулдаг байсан бол энэ жил 10 мянган мод тарьж, “Олон ястны угтах хаалга” болгохоор зорьж буй газарт, эх дэлхийн төгөл дээр зохион байгуулснаараа онцлог байлаа.

Дэлхийн байгаль хамгаалах сан, “Түмэн модот хаалга” ТББ-аас санаачилсан, аймгийн төв рүү орох замын хоёр талд “Амьд ногоон хаалга биднийг угтана” уриан дор 10 мянган мод тарьж, “Олон ястны угтах хаалга” болгох ажил амжилттай үргэлжилж одоогоор 7000 гаруй модыг тарьж, ургуулж байна.   

Энэ удаа “Эх дэлхийн цаг”-т нэгдсэн иргэд, ерөнхий боловсролын сургуулийн багш нар, эко клубийн сурагчид, салбарын мэргэжилтнүүдийн зүгээс  “Эх дэлхийн цаг” бол байгаль орчныг хамгаалахын төлөө дэлхийн нийтийг хамарсан хамгийн том хөдөлгөөн гэдгийг онцлоод орон нутгийн иргэд, хүүхэд багачууд цаашид мод тарих ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна.     

“Эх дэлхийн цаг”-ийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад чиглэж байгаагаараа онцлогтой. 

Холбоотой мэдээ