ААН-үүд 88.6 сая мод тарьж, ургуулахаа илэрхийллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-03-30 10:56:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монголын Эдийн засгийн чуулган-2022” форумыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” өнөөдөр “Ногоон сэргэлт” сэдэвт хэлэлцүүлгээр үргэлжилж байна.

“Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган”-ы хоёр дахь өдрийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Б.Даваадалай нээлээ. Тэрээр, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад бүс нутгийн хамтын ажиллагаа, шийдэл гарцын талаар хэлэлцэн зөвлөлдөж, хэрэгжүүлэх арга замаа боловсруулах талаар ярилцаж байна. Уур амьсгалын өөрчлөлт нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн том сорилт бөгөөд улс орон бүр хүлээсэн үүрэг амлалтаа амжилттай биелүүлж, хүлэмжийн хийн ялгарлыг зорилтот хугацаанд бууруулахад онцгой анхаарах шаардлагатай байна гэдэгт чуулганд оролцогчид санал нэгдэж байгааг тодотголоо.




Цар тахлын дараах шинэ нөхцөл байдалд уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургатай бүс нутгийн хэмжээнд хамтран, үр дүнтэй тэмцэх, ногоон хөгжлийн үе шатыг эрчимжүүлэх, санхүүжилтийг нэмэгдүүлэх замын зургийг тодорхойлох нь чуулганы гол зорилго оршиж буйг тэмдэглэн хэлэв.


"Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган-аар өнөөдөр Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг гол чиглэл болох ногоон хөгжлийн сэргэлтийн талаар хэлэлцэж байна.




Чуулганы эхний хуралдаанаар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх бүс нутгийн үр дүнтэй хамтын ажиллагаа, боломжит төсөл хөтөлбөрийн талаар хөрш орнуудын Элчин сайдууд, хоёр талт болон олон талт олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудтай санал солилцлоо. Улмаар Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, цөлжилт, шар шороон шуурганы эсрэг хамтран ажиллаж, бодит үр дүн гаргах талаар бүс нутгийн орнууд, хамтын ажиллагааны олон улсын байгууллагуудад Монгол Улсын зүгээс уриалга бүхий санаачилга гаргасныг тодотгов. Мөн өчигдрийн чуулганаар Санхүүгийн Тогтвортой байдлын зөвлөл, СЗХ, Монголбанк, ТоС хамтран санхүүгийн салбараас ногоон хөгжлийг санхүүжилж тогтолцоог сайжруулах зорилготой Тогтвортой санхүүжилтийн замын зураг баримт бичгийг батлан гаргасныг онцлов.






Монгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Б.Даваадалай, ААН-үүд “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, 88.6 сая мод тарьж, ургуулахаа илэрхийлж буйг тэмдэглэн хэлж, өнөөдрийн чуулганы үеэр санхүүгийн болон бизнесийн салбарын ААН, компаниудын төлөөлөл энэ талаар гарын үсэг зурж, батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа болохыг дуулгалаа. Түүнчилэн банкны салбарынхан уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж, үр хойч үедээ ногоон ирээдүйг бэлэглэхэд хувь нэмрээ оруулж, олон нийтийг манлайлж, “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөнийг дэмжих санг үүсгэн байгуулж буйг зарлах юм. 



Холбоотой мэдээ