"Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагч, төгсөгч, ажил олгогч түншлэгчдийн уулзалт, өдөрлөг" болов
ФОТО МЭДЭЭ
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас "Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагч, төгсөгч, ажил олгогч түншлэгчдийн уулзалт, өдөрлөг"-ийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Архангай МСҮТ, мэргэжлийн холбоод, аж ахуй нэгж, байгууллагуудтай хамтран нийт 130 залуучуудад зохион байгууллаа.
Өдөрлөг нь мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн талаар мэдээлэл зөвлөгөө өгөх, Залуучуудын хөгжлийн төвийг сурталчлах, ажил олгогч байгууллага, мэргэжлийн холбоодын үйл ажиллагааг танилцуулах, шаардлагатай мэргэжилтэй ажилтны судалгаа, мэдээллийг авах, суралцагчийн бүтээл, бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргаж, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой байлаа.
Энэхүү уулзалт, өдөрлөгийг зохион байгуулснаар Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болж, суралцагчдад ажил хайгчаар хөдөлмөр эрхлэлтийн мэдээллийн санд бүртгүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн төсөл, хөтөлбөрт хамрагдах аргазүйд суралцан, хувь хүний хөгжил, танин мэдэхүйн мэдлэг, ур чадвар, хандлагаа дээшлүүлэн, нийгмийн түншлэлийн хамтын ажиллагааг бэхжүүлсэн байх юм.
Уулзалт, өдөрлөгийн үеэр МСҮТ-ийн оюутнууд өөрийн гараар урласан бүтээлүүд болон хүнсний бүтээгдэхүүнүүдээрээ үзэсгэлэн гарган, иргэдэд танилцуулсан юм.






















