Бөхчүүдийн мялаалга наадмыг наймдугаар сард хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-29 14:47:35

Баяр наадмаар улсын аварга болсон Ч.Санжаадамба, Р.Пүрэвдагва болон улсын начны болзлыг хангасан Л.Шинэбаатар, Ц.Нямдорж, Э.Ванданцэрэн, М.Бат-Отгон нарын мялаалга наадмыг Зуны олимпийн дараа хийхээр товлосон гэж аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан хэллээ.

Учир нь тус олимпид Архангай аймгийн уугуул О.Гүндэгмаа, Батцэцэг, Л.Отгонбаатар нарын зэрэг таван тамирчин оролцож цэц мэргэн, хүч чадал, авхаалж самбаагаа сорино. Нутаг усныхаа нэр алдрыг дэлхийд дуурсгаж яваа тамирчид маань ганзага дүүрэн ирнэ гэдэгт итгэлтэй байгаа учраас энэхүү мялаалга наадмаа хойшлуулжээ. Дашрамд сонирхуулхад, Улсын арслан Р.Пүрэвдагва, улсын начин Л.Шинэбаатар, Ц.Нямдорж, , М.Бат-Отгон  дөрөв нэг голын хөвгүүд аж. Тодруулбал, Монголын төрийн тахилгат уулс- Суварга хайрханаас эх аван урсдаг Урд Тамирын голын хөндийд тоглож өссөн хүчтэнүүд юм.  Энэ голоос Дархан аварга Г.Өсөхбаяр, хүчит арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын гарьд Д.Рагчаа, ханагар заан Д.Хишигдорж, улсын харцага М.Батжаргал, Б.Жавхлантөгс гээд олон 10 бөх төрөн гарсан тухай “Цэнхэр нутгийн дуудлага” –хөдөлгөөн ТББ-ын тэргүүн сонирхууллаа.

Л.Булган

Холбоотой мэдээ