“Ирээдүйн одод” клуб багийн дүнгээр тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-04-09 16:42:13

Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн наадмын чөлөөт бөхийн мөнгөн медальт, Тэшиг сумын уугуул Жамцын Даваажав агсны нэрэмжит өсвөр үеийн чөлөөт бөхийн нээлттэй тэмцээн Булган аймагт болж, аваргуудаа тодрууллаа.

Тус тэмцээнд 15 байгууллагын 194 тамирчин 17 жинд өрсөлдснөөс багийн дүнгээр Орхон аймгийн “Ирээдүйн одод” клуб түрүүлж, мөн аймгийн “Хангарьд”, Булган аймгийн “Баатар вангийн хүчтэн” клуб удаах байрт шалгарчээ. Хөвгүүд 26-80 хүртэл 13 жинд барилдсанаас Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн Б.Бүрэнтөгс, Тэшиг сумын Б.Мөнхтулга, Баяннуур сумын  Д.Батсайхан, “Баатар вангийн хүчтэн” клубын Э.Төрболд, Э.Дөлгөөн, Орхон аймгийн Н.Мандах, “Ирээдүйн одод” клубын А.Мөнхтөгс,  “Шижир алт” клубын Ч.Төрбат, “ирээдүйн одод” клубийн Г.Дөлгөөн-Очир, Г.Ганзориг, Б.Бүрэнжаргал,  Спортын дунд сургуулийн Б.Бямбадорж, ”Ирээдүйн одод” клубын М.Булгансайхан нар жин тус бүртээ аваргалжээ. Охидын 40, 49, 57, +65 кг-ын жинд “Хангард” клубийн Б.Эгшиглэн, Э.Аззаяа, Ц.Одончимэг, Н.Баяржаргал нар аваргаар шалгарсан байна.

Тус тэмцээнийг аймгийн Засаг даргын тамгын газар, Биеийн тамир, спортын газар, аймгийн Чөлөөт бөхийн холбоо, Ж.Даваажав агсны үр хүүхэд, ач зээ нар хамтран зохион байгууллаа.

Холбоотой мэдээ