Хөгжлийн банкны зээлийн орон сууцнаас худалдан авах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-04-13 16:47:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөгжлийн банкны зээлийн барьцаанд байгаа орон сууцнаас иргэд худалдан авч болно. Ингэсэн нөхцөлд тухайн орон сууцыг барьцаанаас хэсэгчлэн чөлөөлөх талаар тус банкны дэд захирлын үүрэг гүйцэтгэгч З.Батырбек мэдээллээ. Тэрээр, Хөгжлийн банкны зээлийн багцаас 8 зээл нь иргэдийг орон сууцжуулах зориулалтаар санхүүжүүлсэн зээл байгааг тодотголоо. Эдгээрээс 4 зээлдэгчийн барьсан орон сууц нь Хөгжлийн банкны барьцаа хөрөнгөнд байна. Тодруулбал, Бэрэн групп ХХК-ийн хувьд Хангай хотхоны Ё блокны барилгууд, Пирамид-Орд ХХК-ийн “Буман залуус” орон сууцны хороолол, Модун ХХК-ийн “La Colina” хотхоны барилга, Строй Инвест ХХК-ийн Шинэ Эрдэнэт төслийн зарим барилга нь Хөгжлийн банкны барьцаанд байгаа аж. Бид эдгээр байгууллагыг зээлийн зөрчлөө арилгах, мөн иргэдийг хохироохгүй байх тал дээр анхаарч хамтран ажиллаж байна” гэв.




Тиймээс тус банкнаас зарласан 4 байгууллагаас орон сууц худалдан авч болно. Худалдан авалтын төлбөрөө Хөгжлийн банкны дансанд хийснээр банкны барьцаанд байгаа орон сууцнаас өөрийн худалдан авсан байраа барьцаанаас хэсэгчлэн чөлөөлүүлж, гэрчилгээгээ авах боломжтой болно гэдгийг мэдэгдэж байна. “Дээрх шаардлагыг тухайн байрыг борлуулагч нарт ч тавих ёстой. Тэгэж байж бид эдгээр зээлийг хамтдаа эргэн төлүүлэх юм. Өөрөөр хэлбэл, манай банкны барьцаанд байгаа орон сууцыг хэн нэгэн хүн танд худалдан борлуулж төлбөрийг нь танаас авсан ч Хөгжлийн банкны зээл рүү шилжүүлж байрыг нь барьцаа хөрөнгөөс чөлөөлүүлэх арга хэмжээг авахгүй л бол та байрныхаа жинхэнэ эзэн болох боломжгүй” гэсэн хариуг өгч байна.

Строй Инвест ХХК-ийн Орхон аймагт хэрэгжүүлж байгаа орон сууцны төслөөр жишээ авахад, Хөгжлийн банкны барьцаанд байгаа орон сууцнаас иргэд худалдан авч, төлбөр нь манай банкны дансанд байршсан тохиолдолд барьцаа хөрөнгөөс хэсэгчлэн чөлөөлж байгаа. Энэ байрнаас худалдан авч болохгүй шүү гэсэн зүйл огт байхгүй. Зарим нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн шиг хар жагсаалтад орсон байна, энэ байрнаас битгий аваарай гэх агуулга бүхий мэдээлэл нь ташаа ойлголт юм. Харин эсрэгээрээ худалдан авалт хийснээр дээрх барилгын компаниуд нь зээлээ төлөх боломжтой болно гэсэн үг” хэмээн Хөгжлийн банкны дэд захирлын үүрэг гүйцэтгэгч З.Батырбек мэдэгдлээ.

 

Тодруулга: Хөгжлийн банкнаас мэдээлснээр өнөөдрийн байдлаар 35 орчим зээлдэгч тодорхой хэмжээгээр зээлийн эргэн төлөлт хийжээ. Үүнээс хамгийн бага нь 4 сая төгрөгийн, хамгийн их нь 27.4 тэрбум төгрөгийг эргэн төлж,  нийт 153.3 гаруй тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдөөд байна. Өнгөрсөн жил 408.4 орчим тэрбум төгрөгийн зээл төлөгдөж байжээ.  

Холбоотой мэдээ