“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, зорилтот жилийн хүрээнд уралдаан зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-04-14 18:14:33

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх - Орчны бохирдлыг бууруулах” зорилтот жилийн хүрээнд шилдэг ногоон байгууламж, тохижилт, цэвэр орчинтой сум, аж ахуйн нэгж, сургууль цэцэрлэг, айл өрхийг шалгаруулах уралдааныг зарлалаа.

Сумдын хувьд “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд мод бут тарих боломжтой газрын байршил, тарих модны судалгааг гаргасан байх, ногоон байгууламж, цэцэрлэгжсэн талбайн зураг төсвийг стандартын дагуу хийж гүйцэтгэсэн байх, мод үржүүлгийн чиглэлээр ажиллаж байгаа иргэд, аж ахуйн нэгжийг бодлогоор дэмжсэн байх, ногоон байгууламжийн цаашдын арчилгаа, усалгаа, хамгаалалтын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байх зэрэг 30 орчим шалгуур үзүүлэлтийг тусгасан байна.

Аж ахуйн нэгж, байгууллагуудад эзэмшил газрынхаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нийгмийн хариуцлагын хүрээнд нийтийн эзэмшлийн талбайд мод бутыг тариалсан байх, мод бутны амьдралт 95-аас дээш хувьтай байх, хог хаягдлыг ангилах, бууруулах чиглэлээр сайн туршлага нэвтрүүлсэн байх зэрэг 20 орчим шалуур үзүүлэлтийг тавьжээ.

Иргэд, айл өрхүүдэд стандартын дагуу шинэлэг шийдэл бүхий орчны тохижилт, ногоон байгууламжийг бүрдүүлэх, арчилгаа, усалгаа, хамгаалалтын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байх, тарьсан модоо бүртгэлжүүлэх, хөрс, орчны бохирдлыг бууруулж, жишиг ариун цэврийн байгууламж бий болгох, хог хаягдлыг эх үүсвэрээр нь ангилан ялгаж хэвшсэн байх, зориулалтын хогийн савтай болох шаардлагуудыг тавьсан байна.

Болзолт уралдааныг 4 дүгэрэ сарын 15-наас 11 дүгээр сарын 15 хүртэл зарласан бөгөөд ондоо багтаан дүгнэж, шилдгүүдийг шалгаруулан 1-3 сая хүртэлх төгрөгөөр шагнан урамшуулна.

 

Холбоотой мэдээ