Газрын тос, уул уурхайн салбараас бусад ААН-ийн ажилтны НДШ-ийн 50 хувийг төр даана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2022-04-15 17:46:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар, он дуустал төрийн болон газрын тос боловсруулах, уул уурхайн чиглэлийн аж ахуйн нэгжээс бусад байгууллагын ажилтан, албан хаагчдын  Нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс буцаан олгох шийдвэр гаргасан тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв.  


Дээрх шийдвэрийг танилцуулах үеэрээ, өмнө болсон жагсаалын үеэр олон нийтээс НДШ-ийг бууруулах асуудлыг дэвшүүлснийг тодотгоод, энэ нь цаашид УИХ-тай хамтран хэрэгжүүлэх дунд хугацааны реформын ажил гэдгийг тэмдэглэв. Тухайлбал, Засгийн газраас УИХ-тай хамтран хувийн тэтгэврийн сан, хуримтлалын нэгдсэн сан зэрэгтэй уялдуулан Нийгмийн даатгалын санг бодитой мөнгөжүүлэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэлдээ тэмдэглэв. Тэрбээр, "Энэ бол дунд хугацаанд реформ хийх асуудал. Нийгмийн даатгалын санг мөнгөжүүлэхэд 21 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Тиймээс НДШ-ийг бууруулах нь өнөө маргаашдаа шийдэх асуудал биш. Нийгмийн даатгалын сангаар дамжуулан иргэн орон сууц, эрүүл мэнд, боловсролдоо хөрөнгө оруулалт хийдэг тогтолцоо руу шилжих нь зүйтэй" хэмээв. 


Мөн Төрийн үйлчилгээний байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос төрийн үйлчилгээний зарим ангиллын албан хаагчдыг гүйцэтгэлээр санхүүжүүлэх байдлаар төрийн бүтцээс гаргаж цалингийн сангийн зөрүү гаргасан гэх бухимдал гарч буйг Ерөнхий сайд дурдав. Төрийн үйлчилгээний албан хаагчдын хувьд инфляцын түвшинтэй уялдуулан цалингийн доод түвшинг үе шаттай нэмэх бодлого Засгийн газар баримтална гэдгийг тэмдэглээд, энэ асуудал нь инфляцын өсөлтийн эсрэг авч байгаа арга хэмжээний үр дүн хэрхэн гарахаас хамаарна гэлээ.

Холбоотой мэдээ