Тайхар чулууны орчимд автомашины зогсоол, боловсон жорлонг байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-04-19 11:50:33

Архангай /МОНЦАМЭ/. Ихтамир сумын Засаг даргын Тамгын газар, Архангай аймгийн Эртний нүүдэлчдийн өлгий аялал жуулчлалын холбоотой хамтран “Тайхар чулууны тохижилт” уулзалт зөвлөгөөнийг Ихтамир сумын Соёлын төвд зохион байгууллаа.

Зөвлөгөөнд сумын удирдлагууд, холбогдох мэргэжилтнүүд болон Тайхар чулууны орчимд үйл ажиллагаа явуулж буй жуулчны бааз, гэр буудал, худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэдийн төлөөлөл нийт 42 хүн оролцжээ.

Уулзалт зөвлөгөөний эхний хэсэгт Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 2-ны А/304 дүгээр захирамжаар батлагдсан “Архангай аймгийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам”-ын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хэрэгжилтийг ханган ажиллахад мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгсөн юм. Харин Тайхар чулууны тохижилтын ажлыг сумын төсвөөс санхүүжүүлэх бөгөөд Тайхар чулууны эргэн тойрны орчныг хэрхэн тохижуулах, зарим нэг аяллын компанийн маршрутаас хасагдаад байгаа байдлыг хэрхэн буцааж оруулах талаар санал дүгнэлтүүд гарч, дараах шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд:

1.  Тайхар чулуу орчимд байршуулах хэрэгслэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэд нөхөрлөлийн системд шилжиж, нөхөрлөлийн ахлагчтай сумын Засаг дарга гэрээ байгуулан, үйл ажиллагаа явуулах газрыг зааж өгөх,

2.    Хойд Тамирын голын энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлж, ажиллах,

3.   Иргэн Д.Ганболдын санаачлан гаргасан Тайхар чулууг тохижуулах ажлын зургийг сумын ажлын багийн боловсруулсан Техникийн тодорхойлолттой уялдуулах,

4.  Сумын иргэдийн дунд 80 сая төгрөгт хийж хэрэгжүүлэх ажлын санал авч эрэмбэлэх, хамгийн түрүүнд автомашины зогсоол, боловсон жорлонг байгуулах гэжээ.

Цаашид сумын Засаг даргад Тайхар чулууны тохижилуулалтын ажилтай холбоотой зөвлөмж хүргүүлж, сар бүр хэрэгжилтийн талаар мэдээ тайлан хүлээн авч, үүссэн асуудлыг тухай бүр шийдвэрлэх, гэр буудлуудын үйл ажиллагааг жигдэрсэн үед мэргэжлийн байгууллагуудын хамтарсан гэнэтийн хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн байна. 

Холбоотой мэдээ