“Сармат”-ын туршилт, барууныхны болгоомжлол

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2022-04-21 20:58:22

Дэлхий дээр хамгийн хүчирхэгт тооцогдож буй “Сармат” гэдэг тив алгасагч баллистик пуужингийн туршилт амжилттай болсон тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам өчигдөр мэдээллээ. Архангельск муж дахь Плесецксансрын туршилтын буудлын цооног дахь төхөөрөмжөөс хөөргөсөн уг пуужингийн байлдааны салдаг хэсгүүд /блокууд/ Камчаткийн хойг дахь Кура гэдэг сургуулилтын талбайд тооцоолсны дагуу буужээ.  


Пуужин турших явцыг дүрс бичлэгээр ажигласан Оросын ерөнхийлөгч В.Путин хэлэхдээ “үнэхээрийн хосгүй энэ зэвсэг манай зэвсэгт хүчний байлдааны чадавхийг бэхжүүлж, гадны аюул заналаас Оросын аюулгүй байдлыг найдвартай хамгаалснаар улайран хийрхсэн түрэмгий үг яриандаа автагдан манай улсад заналхийлэхийг оролдож буй хэн бүхнийг эргэцүүлэн тунгаахад хүргэнэ” гэжээ. 

Тэрбээр 2018 оны 3 дугаар сард Холбооны хуралд явуулсан илгээлтдээ Оросын зохион бүтээгчид маш хүчтэй, хосгүй зэвсгийг бүтээж дуусах гэж байгаа талаар дурдаад “Сармат” пуужингийн дүрст схем зургийг үзүүлж байсан юм. Тухайн үед барууныхан “Путин хүүхэлдэйн кино үзүүлж байна” гэж егөөдөж байсан боловч аажимдаа иймэрхүү үг хэллэгүүд илт цөөрсөн нь барууны тагнуулын албад ийм төрлийн пуужинг оросууд үнэхээр үйлдвэрлэж буйг олж тогтоосонтой холбоотой.  


Ташрамд дурдахад “Сармат гэдэг нь МЭӨ VI–IV зууны үед өнөөгийн Оросын нутагт амьдарч байсан нүүдэлчин сарматуудын омгийн нэр ажээ


РС-28 буюу "Сармат" нь (НАТО-гийн ангиллаар SS-X-30) шингэн түлшээр ажилладаг тив алгасагч баллистик пуужин бүхий Оросын тав дахь үеийн стратегийн пуужингийн цогцолбор юм. Уг систем нь Зөвлөлтийн үеэс хойш байлдааны жижүүрлэлтэд гарч байгаа Р-36 ОРБ (Воевода) буюу барууныхны нэрлэдгээр “Сатана” пуужинг орлох ажээ.


Сармат пуужин масс-энергийн асар өндөр үзүүлэлттэй ба өөр өөр траектороор нисэж байнд хүрэх чадвартай. Энэ пуужингийн хурд авах зай нь богинохон тул сансарт маш хурдан гарах ба янз бүрийн траектороор, тухайлбал, Өмнөд ба Хойд туйлын дээгүүр нисэж устгах ёстой байндаа хүрдэг. Мөн дуунаас хэт хурдан гипер блокуудыг тээж, хамгийн орчин үеийн болон ойрын үед зохион бүтээх системүүдийн радарт баригдахгүй.  Сарматтай дүйцэх зэвсэг дэлхийд байхгүй, ойрын хугацаанд ийм зэвсгийг зохион бүтээх боломжгүй гэдгийг Путин хэллээ. 


“Сармат” пуужингийн эд ангиудыг дотоодоос нийлүүлдэг тул олон тоогоор үйлдвэрлэж энэ оны эцэс гэхэд пуужингийн иж бүрэн цогцолборыг зэвсэгт хүчинд хүлээлгэн өгөх боломжтой ажээ. 


Шинэ пуужингийн техник-тактикийн үзүүлэлтүүдийг “Армийн тоглолт-2019”-ийн үеэр анх удаа танилцуулж байв. 18 мянган км-ийн тусгалтай, 35,5 м урт энэ пуужин 10-15 байлдааны цэнэгт хошууг байнд хүргэж чадах ба дууны хурдаас 15 дахин хурдан “Авангард” гэх мэт байлдааны блокуудыг тээж чаднаТүүнээс гадна маш богино зайд хурдаа авдаг тул дайсны пуужингаас хамгаалах системүүд нисэх явцад нь илрүүлэн устгах боломж маш бага. Үүний зэрэгцээ байлдааны салдаг хэсгүүд /блок/ нь “хуурамч цэнэгт хошуунууд”-тай тул дайсныг төөрөгдүүлнэ. Пуужингийн цогцолборын удирдлагын систем нь боловсронгуй тул дээд зэргийн ончтойгоор байг устгадаг ажээ.


Шинэ пуужинг “Воевода”-г байрлуулж байсан хуучин цооногт байрлуулах тул дэд бүтцийг шинээр байгуулахад маш бага зардал гарна. Түүнчлэн Дорнод Сибирьт “Сармат”-ыг байрлуулж байгаа учраас дөнгөж хурдаа авч буй үед нь уг пуужинг амдан сөнөөх боломжгүй гэх мэт олон давуу талтай.   


Оросын цэргийн шинжээч В.Евсеев-ийн үзэж байгаагаар, өмнөх үеийн “Воевода” пуужингийн цогцолборын бүх техникийн зургууд, баримт бичгүүдийг украинчууд АНУ-д аль хэдийнэ өгчихсөн байх магадгүй тул шинээр пуужин бүтээх шаардлагатай болжээ.

Ташрамд дурдахад, нэгэнт амдан сөнөөх боломжгүй тул уг пуужинг газар дорх цооногт байхад нь дайсны тал устгахаар оролдох тул цооногоос хөөргөх төхөөрөмжийг хамгаалахын тулд “Мозырь” гэдэг цогцолборыг зохион бүтээжээ. Энэ систем нь цооног руу довтолж буй байлдааны блокуудыг устгах зориулалттай артиллерийн 100 зэвсгээс бүрдэх “багц” юм. Уг систем нь цооног руу ойртон ирж буй блокууд руу 40 мянган ширхэг цохилтын элементүүдийг агуулсан металл бөмбөлгүүд ба сумнаас бүрдсэн “үүл”-ийг 6 км-ийн өндөрт үүсгэнэ. Байнуудыг илрүүлэх, тэдгээрийн нислэгийн чиглэлийг тооцоолоход зориулсан маш хүчирхэг радарууд болон компьютероор тоноглогджээ.  


Барууныхны болгоомжлол


Украинд болж буй дайны явцад цөмийн зэвсэг ашиглаж магадгүй гэж барууныхан болгоомжилж буй энэ үед “Сармат” пуужинг хөөргөн туршсан гэдгийг ВВС агентлагийн мэдээнд дурджээ.


Сарматыг зохион бүтээх ажил олон жилийн турш үргэлжилж байгаа учраас түүнийг анх удаа туршсан нь барууныхны хувьд гэнэтийн явдал байгаагүй, харин Орос-Украины дайн өрнөж буй геополитикийн нэн түгшүүртэй үед туршилтыг явуулсан болохыг Ройтерс агентлаг онцлон тэмдэглэж байна.


Оросын тал “Сармат” пуужинг турших гэж байгаагаа Стратегийн зэвсэглэлийг хязгаарлах тухай гэрээний /START-3/ хүрээнд хүлээсэн үүргийнхээ дагуу АНУ-д урьдчилан мэдэгдсэн тул туршилтыг Москвагийн зүгээс учруулж буй “аюул занал” гэж үзэхгүй байгаа бөгөөд уг туршилт Украинтай холбоотой асуудлаарх АНУ-ын байр суурьт нөлөөлөхгүй гэдгийг Цагаан ордны албан ёсны төлөөлөгч Жен Псаки мэдэгдлээ.


Оросууд Украин руу довтолсны дараачаас ОХУ цөмийн зэвсэг хэрэглэж магадгүй хэмээн барууны орнууд болгоомжилсоор байгаа юм.


19-ний өдөр Гадаад хэргийн сайд С.Лавровоос “Украины эсрэг дайнд Орос улс цөмийн зэвсэг ашиглах магадлал”-ын талаар асуухад тэрбээр үүнд шууд хариулахаас цааргалж “Орос улс цөмийн зэвсэг хэрэглэхийг хориглох тухай тунхаглалыг баталсан” гэж байв.


Украины ерөнхийлөгч В.Зеленский өнгөрсөн долоо хоногт CNN агентлагт ярилцлага өгөхдөө “Путин цөмийн болон химийн зэвсэг хэрэглэж магадгүй тул дэлхийн бүх улс орон бэлэн байх ёстой” гэж байсан билээ.


Украинд явуулж буй цэргийн тусгай ажиллагаа нь бүтэлгүйтсэн тохиолдолд Путин цөмийн зэвсгийг хязгаарлагдмал хүрээнд хэрэглэж болзошгүй гэсэн Америкийн тагнуулын албаны дүгнэлтэнд баруун дахь олон хүн итгэсэн хэвээр байна.  Украинд довтлохоос хэдхэн хоногийн өмнө Оросын цөмийн тогтоон барих хүчин баллистик болон далавчит пуужингийн сургуулилт хийж, түүнийг Путин биечлэн удирдсан тухай ВВС мэдээлж байв.


Пентагоны хувьд, цөмийн цэнэгт хошуу тээх чадвартай тив алгасагч пуужинг турших гэж байснаа хойшлуулсан нь уг туршилтыг Оросын тал буруугаар ойлгох вий гэж болгоомжилсонтой холбоотой байжээ. Дэлхийн хэмжээний дайн дэгдээхгүйн тулд Орос-Украины сөргөлдөөнд шууд хөндлөнгөөс оролцох боломжгүй гэж АНУ, НАТО хоёр тайлбарлаж байгаа юм.  


Английн The Sun сонинд бичсэнээр бол, барууныхан “Сармат” пуужинг албан бусаар “Сатана-2” гэж нэрлэж байгаа бөгөөд ийм төрлийн нэг пуужингаар Нью-Йорк хотыг, 5-6 пуужингаар АНУ-ын зүүн эргийн хотуудыг бүхэлд нь устгана гэж цэргийн шинжээчид таамаглаж байна.


Оросын Геополитикийн судалгааны академийн дэд ерөнхийилөгч К.Соколовын ярьснаар, Сармат бол цэрэг стратегийн төдийгүй сэтгэлзүйн нөлөөллийн хэрэгсэл бөгөөд Оросын аюулгүй байдлын баталгаа ажээ. Ийм зэвсэгтэй байгаа үед хэн ч Орост шууд халдан довтолж чадахгүй, дайсны тал зөвхөн прокси дайн буюу гуравдагч орныг ашиглан дайтах аргыг хэрэглэнэ гэдгийг тэрбээр хэллээ.


Б.Адъяахүү

 

 

Холбоотой мэдээ