Эхийн сүүгээр хооллосон хүүхдийн өвчлөл 10.5-23 хувиар буурдаг

Монголын мэдээ | Эрүүл мэнд
ariunbold@montsame.mn
2016-08-01 15:08:51

Дэлхийн 170 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлдэг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоног” энэ сарын 1-7-нд тохиож байна.

Энэ жил Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Эхийн сүүгээр хооллолт нь тогтвортой хөгжлийн гол түлхүүр” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Хөхний сүү хүүхдийн бие махбодид хэрэгцээтэй, шингэхэд тохиромжтой уураг болон өөх тос, даавар агуулдаг учраас хүүхдийг харшил, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлдэг хүнс юм. Иймд ДЭМБ-аас хүүхдийг төрснөөс хойш  6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллолохыг зөвлөдөг. Ингэснээр  уушигны хатгалгаагаар өвчлөх  эрсдлийг 23 хувиар, суулгалтаас шалтгаалах эндэгдлийг 10.5 хувиар, хатгалгаанаас шалтгаалах эндэгдлийг 15.1 хувиар тус тус бууруулж чаддаг байна.

Мөн эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн оюун ухааны хөгжлийг дэмжих бөгөөд IQ чансааг 3-4 оноогоор дээшлүүлдэг төдийгүй эмэгтэйчүүдийг хөхний хорт хавдар тусахаас сэргийлдэг аж.

2010 онд нийт нялхсын 66 орчим хувь нь эхний 6 сарын турш эхийн сүүгээр дагнан хооллож байсан бол 2013 онд энэ үзүүлэлт 47 хувь болж буурснаар хүүхдийн өвчлөл, эндэгдэл ихсэхэд нөлөөлж байна. Тухайлбал, 2016 онд улаанбурханы дэгдэлтийн үед гарсан эндэгдлийн дийлэнх нь 6 хүртэлх сартай хүүхдүүд эзэлж байжээ. Эдгээр хүүхэд эхийн  сүүгээр дагнан хооллоогүй байжээ. 6 сар хүртэлх сартай хүүхэд нь улаанбурханы вакцинд хамрагдах насанд хүрээгүй байдаг тул эндэгдлээс хамгаалах цорын ганц арга нь эхийн сүүгээр хооллолт юм.

ЭМЯ-наас гаргасан судалгаагаар эхчүүд хүүхдээ хөхний сүүгээр хооллохгүй байгаа нь гэр бүл болон ажлын байран дахь дэмжлэг муу, эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт, зар сурталчилгаа нэмэгдсэн, эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн зөвлөгөө тусламж хангалтгүй байгаа зэргээс  шалтгаалж байгаа аж.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ