Явган алхалтын эхний аялал амжилттай болов

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2022-04-25 10:01:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монголын явган алхалтын холбоо /Mongolian Walking Association/-ноос “4 аймаг 400 км” явган алхалтын хөтөлбөр нь 2022 онд хавар, зун, намрын 3 удаагийн цуврал аялалыг төлөвлөөд байгаа билээ.


Эхний буюу хаврын аяллыг эх орныхоо Алтай, Хангай, Говийн нутаг болох Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай аймгаар нийт 400 км-ийг явганаар туулж 2022 оны 4 дүгээр сарын 21-нд Архангай аймгийн төвд очиж амжилттай дуусгав.


Энэхүү явган алхалтын хөтөлбөр нь иргэдийг явган алхалтанд уриалах, үлгэрлэн дагуулах зорилгоор Монголын явган алхалтын холбооноос /Mongolian Walking Association/ зохион байгуулж буй “4 аймаг 400 км” уртын алхалтын хөтөлбөрийг 4 дүгээр сарын 09-нд эхлүүлж тус холбооны 8 гишүүний бүрэлдэхүүнтэй аялсан билээ.


Энэхүү аяны үзэл санаа, зорилгыг дэмжиж “4 аймаг 400 км” багийн бүрэлдэхүүнд Спортын мастер Э.Чойсүрэн ахлагчийн санаачилга, удирдлага дор тус холбооны гишүүд болох Спортын мастер Ц.Баярхүү, Спортын мастер С.Батболд, Спортын мастер Ж.Тулга, Role Model Walker 2021 алхагч Г.Алтансүх, Б.Гантулга, У.Мөнгөнцэцэг, Л.Мөнхзул нар багтжээ.


Алхалтын багийнхан 4 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн Улиастай хотоос алхалтаа албан ёсоор эхлүүлсэн өдрөөс эхлэн тасралтгүй 10 хоногийн туршид цасан шамарга тавьж, эрчит салхи шуурч, өндөр уулс, хадан хясаа, хөр цас, цөн түрж мөс хайлсан гол мөрөн зэрэг саад бэрхшээлийг туулж аялалаа үргэлжлүүлсээр Архангай аймагт хүрэлцэн ирснээр аяллаа амжилттай дуусгав. Багийн гишүүд хэдийгээр байгалийн сорилт, бэрхшээл дундуур алхсан ч явах тусам зориг чангарч, зорилго нь тодорч, замдаа сайн явж ирсэн гэдгийг аялагчид онцолж байв.


Энэ оны 7 дугаар сард “4 аймаг 400 км” үзэл санааны алхалтын дараагийн баг тамирчид явган аяллаа эхлүүлэх бөгөөд 10 дугаар сард энэ оны сүүлийн баг тамирчид аялалдаа гарах юм байна.


Ташрамд дуулгахад, Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.1, 2.1.1.1, 2.2.1 дэх заалтын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний дутагдлаас улбаатай өвчин, эмгэгийг бууруулах зорилгоор Монгол улсын хэмжээнд томоохон аян, үйл ажиллагаанууд өрнөж байна.


Тухайлбал, Ерөнхий сайдын санаачилгаар “Илүүдэл жингүй - Эртэч Монгол” үндэсний аяныг энэ оны 2 дугаар сарын 16-ны өдрөөс эхлүүлэн 6 дугаар сарын 01-ний өдрийг дуустал үргэлжилж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Эрүүл мэндийнхээ төлөө – Алхангаа ярилцъя” аяныг энэ оны тавдугаар сарын 20-ноос улс орон даяар зохион байгуулахаар төлөвлөсөн юм.

Холбоотой мэдээ