“Хасын Хүлэгүүд” баг Монголын сагсан бөмбөгийн дээд лигт 10 дахиа түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг үндэсний дээд лигийн аварга шалгаруулах тэмцээн 101 өдөр үргэлжилж өндөрлөлөө.
2025-2026 оны улиралд нийт 239 тоглолт болсон бөгөөд лигийн аваргаар “Хасын Хүлэгүүд” тодров. Ингэснээр тэд Монголын сагсан бөмбөгийн лигт 10 түрүүлсэн цор ганц баг болж байна. Түүнчлэн гурван жил дараалан түрүүлсэн өмнөх амжилтаа дахин давтлаа. Ингэснээр хоёр дахь удаагаа гурван улиралд дараалан түрүүлсэн цор ганц баг болов. Тэд сүүлийн 11 жилд финалдахдаа долоо түрүүлж, дөрвөн мөнгөн медалийн эзэн болж байна.
Тэгвэл “Хасын Хүлэгүүд”-ийн тоглогч гавьяат тамирчин Б.Билгүүн, олон улсын хэмжээний мастер О.Сэргэлэнбаатар нар лигийн түүхэнд долоо түрүүлснээрээ бүх цаг үед нэгдүгээрт жагсаж эхэллээ. Түүнчлэн А.Азбаяр финалд үзүүлсэн бүх статистикаараа “Үнэ цэнтэй тоглогч”-ийн шагналын эзэн болов.
Ингэснээр 20 насандаа дээд лигийн улирал болон финалын “Үнэ цэнтэй тоглогч”, шилдэг хамгаалан тоглогч гэх мэт гол шагналуудын эзэн боллоо. Түүний хувьд лигт гурав дахь улиралдаа тоглож байгаа бөгөөд аваргын цомыг багийнхаа хамт гурав дахиа өргөж байна.
Тэгвэл Демаркус Казинс, А.Ананд, О.Энхбаатар, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн, Жэйд Скрабб зэрэг шилдгүүдээс бүрдсэн “Сэлэнгэ Бодонс” баг анх удаа дээд лигт финалдаж, мөнгөн медалийн эзэн болов. Ингэснээр тэд Азийн аваргуудын лигт өрсөлдөх эрх авлаа.
Монголын сагсан бөмбөгийн холбооноос бүх тоглолтыг олон улсын стандартад нийцүүлэн амжилттай зохион байгуулж, Монголын сагсан бөмбөгийн шилдгүүдийг тодруулсан нэгэн улирлыг өндөрлүүлж байна. Энэ улирал нь зөвхөн дотоодын өрсөлдөөнөөр хязгаарлагдахгүй, олон улсын тавцанд гарах үүд хаалгыг нээсэн онцгой жил байсныг зохион байгуулагчид дурдаа. Монголын сагсан бөмбөгийн холбооны зүгээс лигийн аварга эмэгтэй багийг ФИБА-гийн Азийн аваргуудын лигт, харин эрэгтэй аварга багийг EASL болон BCL Asia гэсэн Азийн дээд түвшний хоёр том лигт оролцох боломжийг бүрдүүлж, Монголын сагсан бөмбөгийг шинэ шатанд гаргах чухал алхмыг хийж чаджээ.







