Мазаалай өссөн сайхан мэдээ

ТОЙМ
n_sarchihg@yahoo.com
2022-04-26 16:58:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Мазаалай баавгай хамгаалах үндэсний зөвлөгөөн" Төрийн ордонд 4-р сарын 14-нд болсон. Үндэсний хэмжээний энэ зөвлөгөөний үеэр мазаалай баавгайн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, Мазаалайг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, нэн ховор амьтдыг хамгаалах олон улсын туршлага зэрэг нийт дөрвөн илтгэлтэй танилцаж, хэлэлцсэн юм. Улаан номонд бичигдсэн нэн ховор амьтан мазаалай баавгайн тоо толгойг нэмэгдүүлэх, амьдрах газар нутгийг хамгаалах чиглэлээр салбар яам бодитой ажлуудыг хийж хэрэгжүүлнэ гэдгээ ч энэ үеэр мэдэгдэж байсан. Мөн“Нэн ховордсон энэ амьтныг хамгаалахад иргэдийн оролцоо чухал" гэсэн саналд зөвлөгөөнд оролцогчид нэгджээ. Түүнчлэн сансрын дохиололтой хүзүүвч зүүх ажлыг нэмэгдүүлэх нь зүйтэй, ингэснээр өргөн уудам нутагт бэлчээрлэдэг тул байршлыг зөв тогтоох боломж бүрдэнэ гэж дүгнэсэн байна. Бэлчээрлэх талбайг зөв тогтоосноор орчны бүсийн иргэд, малчид, хилийн цэргийнхэнд ухуулга сурталчилгааны ажлыг явуулж, ялангуяа мазаалайн байршил нутагт хүн, мал оруулахгүй байх, шаардлага гарвал байгаль хамгаалагчдын зөвшөөрөл хяналтын дор нэвтрүүлэх, байршил, тоо толгойн талаар мэдээлэх давуу талууд үүсэх ажээ.

            Мазаалайн тухай сонирхолтой баримтууд

Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийн цорын ганц баавгай бөгөөд зөвхөн Монголын говьд байдаг. Түүнийг анх 1920-иод оны эхээр баруун Алтайн нурууны Аж Богдод олж тогтоосон түүх бий. Оросын эрдэмтэд болох Орлов, Соколов нар мазаалайг баавгайн бие даасан зүйл мөн гэж үзэн биологийн шинжлэх ухаанд бүртгүүлсэн байдаг. Дэлхийн баавгай судлалын шинжлэх ухаанд мазаалайг "Ursus Arctos Gobiensis" гэж нэрлэдэг. 1953 онд АИХ -ын Тэргүүлэгчдийн тогтоолоор мазаалайг дархан цаазтай амьтдын тоонд оруулж, агнахыг хуулиар хориглосон юм.
Харин 1960-аад оноос Монголын биологийн хүрээлэнгийнхэн мазаалайг анх судалж, тоолж ирсэн түүхтэй. Академич А.Болд нарын хүмүүс мазаалайн тоо толгойг гаргах судалгаа хийхэд тэр үед 25-50 толгой мазаалай байсан гэх дүгнэлтэнд хүрчээ. Гүйцэд судлагдаагүй байсан энэ амьтныг 1966 онд анх удаа кино оператор О.Уртнасан зургийг нь авч, улмаар агнан музейн үзмэр болгосон байдаг.
                                                                                                                                                                                                                            
Тэд яагаад устах аюулд хүрсэн бэ?

Бажууны үндэс, зээргэнэ, хармаг жимс болон мэрэгчид, хэвлээр явагчид, хорхой шавьжаар хооллодог мазаалайн хувьд идэш тэжээл нь ховордсоноос өлсөж үхэх болсон нь дэндүү үнэн. Ямартаа л говийн дархан цаазат газарт байрлах судлаачдыг отог руу довтлон хиамны хатсан хальс идсэн байхав дээ.

Тэднийг аврахын тулд янз бүрийн тэжээл орлуулан тавьдаг ч хүний гараар бэлтгэсэн тэжээлд ам хүргэх нь тун ховор.

Мазаалай угтаа махчин амьтан. Гэвч одоо малчдад бэлчээр нутгаа булаалгаж цөл рүү шахагдсанаас идэш тэжээл нь эрс хомсджээ. Ямартаа л идэш тэжээлийнхээ 77 хувийг ургамлаас авч, үлдсэн 23 хувийг амьтны гаралтай бүтээгдэхүүнээр хооллодог болсон байхав. Говийн байнгын үзэгдэл их гангаас болж, ангаж үхнэ. Хөрснөөс нь зээргэнэ ч цухайхгүй зарим жилд мазаалай яс мэрсээр өлбөрч үхдэг. Тоо толгой цөөнтэй атлаа их говьд хааяа тааралдахаараа бие биенээ барьж иддэг байна.

МУСГЗ, сэтгүүлч Ж.Мягмарсүрэнгийн “Унагаа зуусан хулан буюу амьтдын тухай өгүүллэгүүд” номонд дурдсанаар “Салгалалдан архиралдаж бие биенээ айлгах гэж байдгаараа ярзайлдан орилолддог. Тэгээд л ноцолдчихно. Нэг нь дийлж, нөгөө нь дийлдэх нь мэдээж. Дийлдсэн нь биеэ суллан сарвуугаа өргөн гөлөлзөж бууж өгдөг. Яг энэ мөчид уг нь амьтдад байгалиас заяасан нэг хууль үйлчлэх ёстой юм. Бууж өгснийгөө өршөөж захиргаандаа авах. Гэвч энэ хууль мазаалайнуудад хамаагүй. Тэд бууж өгснийгөө алж байж санаа нь амардаг. Алаад зогсохгүй гэдэс дотрыг нь гаргаж иддэг гэсэн. Үлдсэнийг нь хуршааж өмхийрүүлж идэхээр зэгсээр булж орхидог аж. Гэвч нэгэнт цадсан тул түүнийгээ умартан өөр тийш тэнэн одох бөлгөө. Уруудахад бурууддагийн нэгэн жишээ энэ” гэсэн байдаг.

Говийн баавгай их унтамхай

Мазаалай зундаа +46 градуст халж, өвөлдөө -34 градус хүртэл хүйтэрдэг газар амьдардаг онцгой амьтан бөгөөд асар уудам орон зайг эзлэн амьдардгаараа бусад баавгайн зүйлүүдээс эрс ялгагддаг. Их ган болж, идэш тэжээлгүй болбол зунаар ичээлдэг. Холимог идэшт, махчин амьтны хувьд говийн ялангуяа баянбүрдийн биоценозид орон зай, идэш тэжээлийн гинжин холбоонд тодорхой үүрэг гүйцэтгэдэг. Хэдийгээр тоо толгой цөөн боловч ургамлын гаралтай идэш тэжээлээр зонхилон хооллож ландшафтад танигдахуйц ул мөр үлдээж, жижиг баянбүрдийг түшиж амьдрах тул экосистемд чухал ач холбогдолтой амьтан гэж үнэлэгддэг байна. Хөхтөн амьтдын сэг зэмээр хооллодог тул байгальд ариутгагчийн үүрэг гүйцэтгэж, хөрсний ус ойр газарт малтаж ус гаргадаг тул хавтгай зэрэг бусад хөхтөн амьтдыг усаар хангахад чухал үүрэгтэй.

Мазаалайн тоо толгой хэдэд хүрсэн бэ?

“Улаан ном” -д бүртгэгдсэнээс мазаалайн тоог харвал

1960-аад онд 15-20 толгой,

1970-д онд 20 гаруй,

1980-д оны эхээр 25-30, сүүлчээр 50-60 гэж тэмдэглэжээ.

1990 оны эхээр 30 гаруй толгой байсан байна. Мазаалай судлаачдын гаргасан мэдээгээр 30 хүрэхгүй тоо толгой үлдсэн гэх баримт бий.

Сүүлийн үед мазаалайн тоо толгойг тогтоохдоо илүү дэвшилтэт технологийг ашиглаж байна. Тодруулбал, үсний дээж, ДНХ-ийн шинжилгээгээр бодгалийг ялгаж тоолох судалгааг АНУ-ын Айдахогийн их сургуульд хийлгэжээ.  Энэ судалгаагаар 50 толгой мазаалай байгааг тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, 2022 оны эрдэмтдийн судалгаагаар Мазаалай баавгайн тоо толгой 50 гэж тогтоогдлоо.

2016 оны тооллогоор 22 гэж тоологдож байсан мазаалайн тоо толгой 50-д хүрчээ.

Сүлдэнд “мөнхрөхөөс” хасагдсан шалтгаан

Дэлхий дээр найман зүйл баавгай байдгийн нэг нь мазаалай. Мазаалай нь хүрэн баавгайтай төстэй. 2-3 жилд нэг удаа төллөдөг бөгөөд 1-2 ихэр зулзага гаргах нь бий.
 

Мазаалайн алманцаг хоёр нас хүртлээ эхийгээ дагаж явдаг. Ингээд гурван настайгаасаа эхээсээ салж, бие даан амьдрах, эзэмшил нутгаа олох үйл явц эхэлнэ. Хамгийн холдоо 250 километр явдаг байна. Сансрын дохиололтой хүзүүвч зүүснээр мазаалайнууд Атас, Шар хулсны нуруу, Цагаанбогдын нурууг дамжиж, гурвуулангаар нь тархан амьдардаг гэдгийг тогтоожээ. 2005-2019 он хүртэл нийт 26 мазаалайд сансрын дохиололтой хүзүүвч зүүсэн нь жилдээ 1-2 баавгайд сансрын дохиололтой хүзүүвч зүүж байна гэсэн үг гэдгийг судлаач хэлсэн байна.

Дэлхийд ганцхан Монголын говьд байдаг, устаж үгүй болохдоо тулсан энэ амьтныг төрийн сүлдэнд мөнхлөх хэрэгтэй гэсэн санал санаачлага ч хүчээ авч байсан цаг бий. Харин яагаад мазаалай төрийн сүлдэнд мөнхрөөгүй үлдсэн шалтгаан тун энгийн. Мазаалай намар болохоор хармагийн жимс их иднэ. Говийн улайсам хөрсөнд, халуун наранд боловсорсон жимс тун исгэлэн. Мазаалай өлөн элгэн дээрээ хармаг идсээр байгаад согтчихдог байна. Тиймээс мөнхийн согтуу найгана. Түүнийг үе үе цээжээ маажин овоохойгоо тойрон гүйж байгааг харсан говийн анчид “Энэ жил хармаг их гарч дээ, мазаалай согтчихож” гэж ярилцдаг байж. Энэ нь л түүний төрийн сүлднээс хасагдах гол шалтгаан болсон гэдэг. Үнэндээ хичнээн ховор ч гэлээ, согтуу амьтан төрийн сүлдэндээ залах ямар улс үндэстэн байх билээ.


“Устаж байгаа” Мазаалайд ирээдүй бий юү?

ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар Олон улсын хэмжээнд болон бүс нутгийн хэмжээнд “устаж байгаа” хэмээн үнэлэгдсэн мазаалайн ерөнхий төрх ойн хүрэн баавгайтай адил боловч биеэр бага. Цагаан богд уулын шармаахайн биеийн урт 168 см, сэрвээний өндөр 92 см, жин 90 кг жинтэй. Зуны зүс жигд хүрэн бор, өвөл, хавар хар хүрэн сор үстэй, цайвар шаргал ноолууртай. Хөлний өвдөгнөөс доош хэсэг болон хүзүү их биеэрээ бараавтар. Хүзүү, далны шонтон хэсэгт цагаан цайвар толботой ч ялангуяа эвш, залуу амьтдад энэ нь ажиглагддаггүй. Зүс нь нас хүйснээс хамааран өөрчлөгдөж байдаг. Хумс цайвар өнгөтэй, шулуундуу, мохоо, бүдүүн богинохон ч, өнгөн шалмаг хөдөлгөөнтэй гэж үнэлэгддэг.

Хойд туйлын баавгай устаж байна гэж халагладаг ч тэд 22 мянгуулаа. Амьтны хүрээлэнд хулсны баавгай буюу панда төрлөө, өсч, үржиж байна гэдэг ч тэдний тоо толгой 1'400.

Гэтэл дэлхий дээр зөвхөн Монголд байдаг мазаалай баавгай өсөөд өсөөд ердөө л 50-иулаа болж. Тийм болохоор бид "Мазаалай"-гаа дэлхийд таниулж чадах юм бол дэмжлэг, авран туслах сайн дурын хүмүүс олшрох магадлалтай.

 

 Н.Саранчимэг

Холбоотой мэдээ