Монгол-Италийн Текстилийн технологийн төв нээгдлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Итали улсын Текстилийн технологийн төв өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ нь хоёр улсын Засгийн газраас хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын ноос ноолууран түүхий эдийг Италийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар багагүй хугацаанд ярьж ажил хэрэг болгоход онцгой анхаарсны биелэл болж буйг нээлтэд оролцсон албаны хүмүүс онцолж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн, Монголын Ноос, ноолуурын холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ тодотгож хэлсэн юм.
Тэрбээр, 2018 онд тус төвийг байгуулахаар Монголын Ноос ноолуурын холбоо, Итали Улсын нэхмэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо /ACIMIT/ болон Италийн худалдааны агентлаг /Agenzia ICE/-аас гарын үсэг зурж байсан. Тэгвэл өнөөдөр биеллээ олж төвөө нээж байна. Энэ төвийг байгуулснаар түүхий эд бэлтгэн нийлүүлэхээс эхлээд эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэлх технологийн бүх шат дамжлагад Италийн шилдэг туршлагыг нэвтрүүлэх, боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, шинэ загварын бүтээгдэхүүн гаргах, Монголын ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд сурталчлах, экспортын хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон боломжийг нээж өгч байна гэдгийг онцолоо.
Өнөөдөр Монголын ноос, ноолуурын болон текстилийн үйлдвэрлэл тогтвортой үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлж, экспортолж байгаа бүтээгдэхүүний 60-аас доошгүй хувийг баталгаажуулсан бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна. Энэ цаг мөчид хамтын хүч, оюун ухаанаа нэгтгэн цар тахлын хүнд нөхцөлийг хамтдаа даван туулж энэхүү төвийг байгуулахад гүн туслалцаа үзүүлсэн Итали улсын ЭСЯ, хоёр орны мэргэжлийн холбоод, энэхүү төвд санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн үйлдвэрлэгч нартаа талархал илэрхийлсэн юм.
Монголын ноос ноолуурын салбарын тоног төхөөрөмжийн 70 орчим хувь нь Итали улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж эзлэн ашиглаж байна. Өнгөрсөн оны байдлаар манай улс Италиас 14.2 сая еврогийн тоног төхөөрөмж худалдан авчээ. Цаашид ч ноолуурын салбарт 305 сая еврогийн хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байгааг ноолуурын салбарынхан тодотгож байна. Орчин үеийн өндөр технологи бүхий Итали улсын тоног төхөөрөмж дээр ажиллах дадлага туршлагатай инженерүүдийг бэлтгэж, чадавхижуулахад “Итали-Монголын Текстилийн технологийн төв” чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна. Тус төв нь:
- Текстилийн үйлдвэрлэлийн бэлэн бүтээгдхүүнд үйлдвэрлэгчдээс
гарсан санал хүсэлтийн дагуу туршилт судалгаа хийж оновчтой технологийн горим, загварыг
гаргах,
- Салбарын инженер технологийн ажилтнуудын туршлага солилцох платформыг
бий болгох,
- Текстилийн үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх,
чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бэлтгэсэн инженер техникийн ажилтнуудыг
салбарт хадгалан авч үлдэх боломжийг эрэлхийлэх,
- ЖДҮ болон
худалдаа эрхлэгч нарт зориулж бүтээгдэхүүний загварчлал дээж үйлдвэрлэх,
бүтээгдэхүүний
дүн шинжилгээ буюу аналитик шийдлийг гаргах,
- Техтилийн салбарт шинээр хэрэгжүүлэх төслүүдэд зөвлөмж
зөвлөлгөө өгөх, улмаар хамтын
шийдэлд хүрэх,
- Үйлдвэрлэл эрхлэхийг зорьж буй гарааны компани, бизнес эрхлэгч нарт зөвлөгөө
өгөх,
- Үйлдвэрлэлээ өргөтгөх, шинэчлэх, технологио сайжруулах, үйлдвэрлэлд инноваци нэвтрүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлэх юм.
Цаашлаад текстилийн үйлдвэрлэлийг Монгол Улсад цаашид эрчимтэй хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Монгол ноолуурыг дэлхийн тавцанд гаргахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байгааг төвийн нээлтэд оролцогч нар илэрхийлж байв.
Төвийн нээлтэд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, УИХ-ын гишүүн, Монголын Ноос, ноолдуурын холбооны тэргүүн Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Монгол-Италийн парламентын бүлгийн дарга Б.Пүрэвдорж, ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Итали улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лаура Ботта, Италийн нэхмэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбоо (ACIMIT)-ны ерөнхийлөгч Алессандро Цуччи, захирал Федерико Пеллежато нар болон олон улсын хандивлагч байгууллага, ноолуурын салбарын үйлдвэрийн захирал, удирдлага, Монголын Ноос, ноолуурын холбооны гишүүд, удирдлага оролцов.