Ч.Сайханбилэг БНСУ-ын Шадар сайд бөгөөд Боловсролын сайдыг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-02 15:17:36

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг манай улсад айлчлал хийж буй БНСУ-ын Шадар сайд бөгөөд Боловсролын сайд Хван Ү Ё-г хүлээн авч уулзаж, Монгол Улс, БНСУ-ын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүхий л салбарт тэр дундаа боловсролын салбарын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж ирсэнд талархлаа илэрхийллээ.

Хоёр орны  хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой энэ онд тохиож буй. Хоёр орны харилцааг хөгжүүлэхэд өндөр дээд хэмжээний харилцан айлчлал чухал гэдгийг Ерөнхий сайд тэмдэглээд БНСУ-ын Ерөнхий сайдыг манай улсад айлчилна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Манай монгол олон залуус Солонгос улсад дээд боловсрол эзэмшиж, амжилттай сурч байгаа. Боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх, БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулах оюутны тоог нэмэгдүүлэх, 500 инженерийг БНСУ-д сургаж, бэлтгэх болон Монгол Улсад хамтарсан IT сургууль байгуулах чиглэлээр хамтран ажиллах саналыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тавьсан юм.

Энэ айлчлалын үеэр хоёр орны Боловсролын яам хооронд хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулж байгаагаа БНСУ-ын Шадар сайд бөгөөд Боловсролын сайд Хван Ү Ё хэлээд Ерөнхий сайдын саналыг ажил хэрэг болгохын төлөө анхаарч ажиллахаа илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд