Мод тарих үндэсний хөдөлгөөн эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул /МОНЦАМЭ/. Хөрсний доройтлыг бууруулж, экологийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. Энэ хүрээнд аймгийн хэмжээнд “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Үндэсний хөдөлгөөний хүрээнд өрнүүлэх анхны мод тарилт Дархан суманд өнөөдөр эхэллээ. Дархан сумын тавдугаар багийн нутагт 5.7 га газарт 350 гаруй иргэн мод тарилаа. Дархан хотоо ногоон болгох, мод тарих үндэсний хөдөлгөөнийг “Хаанчлалын Дархан түншлэл” ТББ, “Христэд итгэгч сүм чуулганы холбоо” болон бусад төрийн бус байгууллага хамтран эхлүүллээ.
Уг мод тарьж буй талбайг дээрх төрийн бус байгууллагууд арван жилийн хугацаанд хариуцан ойжуулалтыг хийхээр гэрээ байгуулсан ажээ. Энэ өдөр нийт 300 мод тарьж усжуулалтыг хийлээ. Аймгийн хэмжээнд ирэх долоо хоногт тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах, ногоон хот болохын төлөө иргэн бүрийн оролцоо чухал, тиймээс мод тарих үндэсний хөдөлгөөнд нэгдэхийг аймгийн БОАЖГ-ын дарга Г.Батбаяр уриалж байна.
Ташрамд, аймгийн хэмжээнд арван жилийн хугацаанд 20 сая мод тарина.