Хүүхэд хамгааллын чиглэлээр хангалтгүй ажилласан сумдад хариуцлага тооцно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-05-11 10:46:42
Хэнтий /МОНЦАМЭ/ Хүүхдийн хөгжил хамгааллын жилийн хүрээнд хангалтгүй ажиллаж байгаа сумдад хариуцлага тооцохоор болжээ.

Энэ хүрээнд сумдад зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийх зорилгоор Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсрол шинжлэх ухааны газар, Цагдаагийн газартай хамтарсан ажлын баг 13 сум, 1 тосгонд ажиллажээ. Энэхүү тайланг Хүүхдийн төлөө зөвлөлийн хуралд танилцууллаа.
Тодруулбал сумдад хамтарсан багийн хувийн хэрэг хөтлөлт хангалтгүй, хүүхэд, гэр бүлийн судалгаануудыг шинэчлэх шаардлагатай, тайлагналт байхгүй, эцэг эхийн зөвлөлийг ажиллуулах талаарх арга зүй дутмаг, хүүхэд хамгааллын бодлого байхгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ. Үүнд Батноров, Галшар, Бор-Өндөр, Норовлин сум хүүхдийн төлөө зөвлөл байгуулаагүй, Батноров, Галшар, Бор-Өндөр сум хүүхдийн хөгжил, хамгааллын жилийн төлөвлөгөөгөө батлаагүй байна.
Мөн сумдын орчны эрсдэлийн үнэлгээг хийж үзэхэд Бэрх, Цэнхэрмандал, Бор-Өндөр сум орчны эрсдэлээрээ хамгийн өндөр үзүүлэлттэй байсан бол Мөрөн, Баян-Овоо сум хамгийн бага эрсдэлтэй үнэлэгджээ.
Дийлэнх сум цахилгааны утас ил задгай, хуучин нүхэн зоорь цөмөрсөн байдалтай, дулааны шугамыг булсан байдал эрсдэлтэй, хуучин нүхэн жорлонг дутуу булсан, дулааны шугамын худаг таггүй, зарим сумын гудамж талбайн камер ажиллахгүй байдалтай зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ.
Харин сайшаалтай зүйл нь гэвэл Баян-Овоо сум ОНХС-гийн хөрөнгөөр 3 ширхэг зөөврийн сууц авч хүүхдийн “Хөдөлмөр” зуслан байгуулахаар бэлтгэж байгаа бөгөөд хүүхдийн шүдний эмчийг сумандаа ажиллуулж байна.
Мөн Дархан сум урьдчилан сэргийлэх чиглэлд нэлээд хэмжээний хөрөнгө зарцуулж, үр дүнтэй ажлуудыг зохион байгуулж байгаа бол Жаргалтхаан, Баян-Овоо, Баянмөнх сум төсвийн бүх байгууллага дээрээ эцэг эхийн зөвлөл байгуулан, үйл ажиллагаа нь жигдэрсэн байна.
Энэхүү ажлын тайлантай аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав танилцаж, хангалтгүй ажиллаж байгаа зарим сумын дарга нарт хариуцлага тооцох, зөрчлийг арилгуулах чиглэлийг сум тус бүрээр нь гаргаж, хугацаатай албан даалгавар хүргүүлэхийг үүрэг болголоо.
Холбоотой мэдээ