Ногоон хөгжлийн асуудал хариуцсан комисс хуралдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2022-05-19 17:47:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ногоон хөгжлийн асуудал хариуцсан комисс 5 дугаар сарын 17-нд анхны хурлаа цахим болон танхим хосолсон хэлбэрээр хийж, цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцлоо.


Энэ оны 3 дугаар сарын 28-нд Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны VIII чуулган болж, МҮОХ-ны удирдлага, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийг сонгосон. МҮОХ-ны удирдлагын баг ирэх олимпын мөчлөгт салбар комиссуудын үйл ажиллагааг идэвхжүүлж, олимпын хөдөлгөөний чиглэл тус бүрийг хөгжүүлэхэд онцлон анхаарч байна.


Энэ хүрээнд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар 12 салбар комиссыг баталсан бөгөөд уг комиссуудыг Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд ахлан ажиллаж байгаа юм.


Ногоон хөгжил нь олимпын хөдөлгөөнд хамгийн чухлаар тавигдаж байгаа асуудлын нэг ыөгөөд ойрын жилүүдэд олимпын хөдөлгөөн байгальд ээлтэй, хүрээлэн буй орчноо хүндэлж хайрлах үзэл санааг түгээн дэлгэрүүлэхэд чиглэж байгаа билээ.

МҮОХ-ны Ногоон хөгжлийн асуудал эрхэлсэн комисс нь спорт, олимпизмоор дамжуулан нийгэмд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлж, ногоон хөгжлийг сурталчлан таниулах, хэрэгжүүлэх бодит ажлуудыг өрнүүлэх юм.



Комиссоос ойрын хугацаанд ногоон хөгжлийг сурталчилсан уриалга, зөвлөмжүүдийг бэлтгэн спортын холбоод, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг өрнүүлж ажиллахаар төлөвлөжээ. Мөн МҮОХ-ны байрны гаднах ногоон байгууламжийг шинэчлэн тохижуулах ажлыг хийх юм байна.


Тус комиссыг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй ахалж байгаа бөгөөд МҮОХ-ны гишүүн 13, гишүүн байгууллагын төлөөлөл 1, штабын ажилтан 1, төрийн байгууллагын төлөөлөл 4, нийт 19 гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллана.

Холбоотой мэдээ