ХУУЛЬ: ИРГЭНИЙ БҮРТГЭЛ ЦАХИМ ГАРЫН ҮСЭГНИЙ ЭРИН ҮЕ

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-05-09 12:25:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахим гарын үсэгний хуулийн дагуу 2022 оны 5 сарын 1-нээс 16 нас хүрсэн, хүсэлт гаргасан иргэн бүрд тоон гарын үсэг олгоод эхэлжээ. Тоон гарын үсэг авах хүсэлтийг аймаг, нийслэлийн бүртгэлийн байгууллагад оршин суугаа газрын харьяалал харгалзахгүй хүлээн авч байна. Иргэн та өөрийн биеэр хүрэлцэн ирж биеийн давхцахгүй өгөгдөл болох гарын хурууны хээгээр таниулж баталгаажуулснаар тоон гарын үсгийг тань үүсгэн иргэний үнэмлэхний санах ойд байршуулна. Гарын хурууны хээгээр таних боломжгүй тохиолдолд мэдээллийг регистрийн болон иргэний бүртгэлийн дугаараар таниулна.    


Монгол Улсад иргэний биеийн давхцахгүй өгөгдөл гарын хурууны хээгээр баталгаажуулж иргэний үнэмлэх 2011 онд олгож эхэлсэн. Иргэнд чиптэй иргэний үнэмлэх олгож эхэлсэн тэр үеийг улсын бүртгэлийн нэгэн шинэ үе эхлэл гэж мэргэжилтнүүд үзсэн байх юм. Санах ойд тухайн иргэний биеийн давхцахгүй өгөгдөл оршин суугаа хаяг, шилжилт хөдөлгөөн зэрэг мэдээллийг агуулдаг. Монгол Улс ийм иргэний үнэмлэхийг 2.2 сая гаруй иргэнд олгожээ. Иргэний үнэмлэх нь онцгой эдэлгээ сайтай, халуунд тэсвэртэй, уян харимхай материалаар хийгдсэн бөгөөд хуурамчаар үйлдэхээс сэргийлж олон төрлийн нууцлалыг агуулдаг. Олон улсын стандарт шаардлага хангасан контакт төрлийн чиптэй бөгөөд 72 kb багтаамжтай, 1секундэд 400 kbps өгөгдөл дамжуулах хурдтай юм. Энэ иргэний үнэмлэхийг иргэн та өөрийн тоон гарын үсгийн хэрэгслээр ашиглах боломжтой болж байна


ТООН ГАРЫН ҮСЭГ ГЭЖ ЮУ ВЭ?

Тоон гарын үсэг гэдэг нь таны тоон гарын үсэг зурагдсан мэдээлэл дэх шифрлэгдсэн хаш утга бөгөөд тоон гарын үсэг нь эх баримт бичгийн бүрэн бүтэн байдлыг хангадаг ба цахимаар зурсан этгээдийг найдвартай таньж баталгаажуулах механизм ажиллаж байдаг. Ийм учраас хуулийн дагуу гараар зурсан гарын үсэгтэй ижил хэмжээнд, хүчин төгөлдөр хэмээн авч үзэх боломжтой. Түүнчлэн, тоон гарын үсэг нь маш өндөр нууцлал бүхий нарийн технологийн суурь бүтэцтэй. Гэвч энгийн хэрэглэгчдийн хувьд өдөр тутамдаа шууд ашиглаж болохуйц байдлаар бүтээгдсэнээрээ хэрэглэхэд хялбар ажээ. Түүнээс гадна тоон гарын үсгийн хэрэглээ нь маш олон төрлийн зардлыг хэмнэх давуу талтай. Ийм төрлийн гарын үсэг хэрэглээнд бүрэн нэвтэрснээр хувь хүмүүс болон албан байгууллагууд орон зай, цаг хугацааг үл хамааран албан харилцаагаа явуулах боломж бүрдэнэ. Товчхондоо, Иргэн Та тоон гарын үсгээр төрийн болон бусад байгууллагаас цахим үйлчилгээ авах, гэрээ хэлцэл байгуулах, санхүүгийн төлбөр тооцоо хийх зэрэгт ашиглаж, өөрийн цаг хугацаа, зардлаа хэмнэн цахим орчинд өөрийгөө бүрэн таниулах боломжтой болно.  


Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, улсын бүртгэлийн байгууллага 16 насанд хүрсэн иргэдэд тоон гарын үсгийн гэрчилгээ олгох ажлыг эхлүүлээд (2022-5-02) долоо  хонож байна. Тухайн өдрийн 16.00 цагийн байдлаар улсын хэмжээнд бүртгэлийн байгууллагад тоон гарын үсгийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан 2336 иргэнд гэрчилгээ олгожээ.


ХУУЛЬ

Цахим гарын үсгийн тухай хуулиар зохицуулсан зарим асуудлыг дараах байдлаар эрэмбэлж болох юм. Үүнд: 

  • Цаасан хэлбэрт байгаа мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлсэн болон цахим орчинд үүсгэсэн мэдээлэлд (төрийн нууцад хамааруулснаас бусад) цахим гарын үсгийг хэрэглэнэ.
  • Цахим гарын үсэг нь тоон гарын үсэг болон бусад хэлбэрийн гарын үсэг гэсэн хэлбэртэй байна. Тоон гарын үсэг нь цаасан хэлбэрт байгаа мэдээлэлд зурсан гарын үсэгтэй адил хүчинтэй байх бөгөөд тоон гарын үсгийн хувийн түлхүүр ашиглан мэдээллийг шифрлэж хувиргалтад оруулж үүсгэсэн, гэрчилгээ эзэмшигчийг тоон гарын үсгийн нийтийн түлхүүр ашиглан таних, шалгах боломжтой байх шаардлагыг хангасан байна. 
  • 16 насанд хүрсэн хүн тоон гарын үсэг хэрэглэж болно. Тоон гарын үсэг хэрэглэхийн тулд тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмшинэ. Гэрчилгээ олгох байгууллага нь Улсын бүртгэлийн байгууллага болон тусгай зөвшөөрөл эзэмшигч компани байна. 16 насанд хүрч, иргэний үнэмлэх авах болон одоо иргэний үнэмлэхээ авсан байгаа Монгол Улсын иргэд улсын бүртгэлийн байгууллагад нэг удаа үнэ төлбөргүйгээр тоон гарын үсгийн гэрчилгээ эзэмших хүсэлтээ гаргаж, үүний дагуу иргэний үнэмлэхийн санах ойдоо гэрчилгээний мэдээлэл, хувийн түлхүүрээ байршуулж авах эрхтэй байх зохицуулалтыг тусгаж өгсөн. 
  • Гэрчилгээг Монгол Улсын иргэн, хуулийн этгээдэд таван жил, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнд түүний оршин суух хугацаагаар, эсхүл гурван жилээс дээш хугацаагаар оршин суух бол гурван жилийн хугацаагаар олгох юм. Хуулиар гэрчилгээ эзэмшигчийн эрх, үүргийг тусгайлан тусгаж өгсөн.
  • Гэрчилгээжүүлэх байгууллагын эрх, үүргийг тусгайлсан бүлгээр зохицуулсан. Тухайлбал, хүн, хуулийн этгээдийн хүсэлтэд дурдсан мэдээллийн үнэн зөв байдлыг шалгасны үндсэн дээр гэрчилгээ олгох, шаардлагатай тохиолдолд түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох үйл ажиллагаа эрхлэхээс гадна гэрчилгээг хуурамчаар үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэрчилгээний нууцлал, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авах, гэрчилгээ эзэмшигчийн нууцыг задруулахгүй байх зэрэг асуудлыг тусгасан.
  • Нийтийн түлхүүрийн дэд бүтэц гэдгийг тоон гарын үсгийн хувийн болон нийтийн түлхүүрийг үүсгэх, зохион байгуулах, хуваарилах, хэрэглэх, хадгалах, хүчингүй болгох, түүнийг цахим харилцаанд нэвтрүүлж ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон тогтолцоо гэж ойлгох бөгөөд нийтийн түлхүүрийн дэд бүтцийн талаар цахим хөгжил, Харилцаа холбооны яам болон Харилцаа холбооны зохицуулах хорооны гүйцэтгэх чиг үүргийг хуулийн 31, 32 дугаар зүйлээр зохицуулсан аж. 
  • Уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнө гэрчилгээ олгож байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш зургаан сарын дотор энэ хуульд нийцүүлэн тусгай зөвшөөрлөө шинэчлэх тухай хүсэлт гаргана гэх зэрэг олон зүйлийг хуульд нарийвчлан суулгаж өгчээ.

ЖУРАМ

Энэхүү хуульд үндэслэн УБЕГ-аас цахим гарын үсэг буюу тоон гарын үсэг хэрхэн олгох талаар журам боловсруулсан байна.

Тухайлбал:

  • Улсын бүртгэлийн байгууллагаас иргэнд тоон гарын үсгийг үнэ төлбөргүй олгоно (журмын 2.3.) .
  • Иргэн Улсын бүртгэлийн байгууллагаас олгосон QR кодыг G-sign аппликейшнд уншуулж, зааварчилгааны дагуу гэрчилгээ эзэмших хүсэлт илгээнэ (3.1).
  • Хүсэлт илгээгдсэний дараа гэрчилгээний нууц үг /цаашид ПИН код, ПУК код/-ийг хэрэглэх заавар, зөвлөмжийн хамт цахим шуудангийн хаяг, эсхүл гар утсанд илгээнэ (3.2).
  • ПИН код буюу нэвтрэх, баталгаажуулах нууц үг, ПУК код буюу нэвтрэх, баталгаажуулах нууц үгийг сэргээх нууц үг гэсэн 2 төрлийн нууц үгтэй байна (3.3).
  • G-sign аппликейшнд ПИН кодыг 3 удаа буруу оруулсан тохиолдолд төхөөрөмж түгжигдэх ба ПУК код зөв оруулснаар түгжээг тайлах боломжтой (3.4).
  • G-sign аппликейшнд ПУК кодыг 10 удаа буруу оруулсан тохиолдолд гэрчилгээ хүчингүй болох бөгөөд шинээр гэрчилгээ авах хүсэлтийг дахин илгээх боломжтой (3.5) гэж тус бүр заажээ. Энэ хүрээнд танд цахим буюу тоон гарын үсэг олгоно.

Чиптэй иргэний үнэмлэхийг олгож эхэлсэн 2011 оныг иргэний бүртгэлийн нэгэн шинэ үе гэж нэрлэжээ. Харин цахим гарын үсэг буюу тоон гарын үсэг олгож эхэлсэн 2022 оны 5 дугаар сарын 1-нийг түүнтэй дүйцүүлэн иргэний бүртгэлийн нэгэн эрин үе гэж нэрлэх боломж байгаа бололтой.


Цахим гарын үсгийг арилжааны банкнууд хэрхэн ашиглах талаар УБЕГ-ын Мэдээллийн технологийн газрын дарга П.Нэргүй, тус газрын Мэдээллийн сан, программ хангамжийн хэлтсийн дарга Б.Анхбаяр, ахлах мэргэжилтэн О.Тунгалаг, “Тридум Э-секьюрити” ХХК-аас системийн инженер Б.Баянмөнх, Б.Бямбадорж, Б.Баярсайхан нар иргэнд олгосон тоон гарын үсгийг банкны систем, АТМ-д хэрхэн хэрэглэж нэвтрүүлэх талаар Хаан банк, Голомт банк, Төрийн банк, Хас банк, Худалдаа хөгжлийн банк, Чингис хаан банк, Ариг банк, Тээвэр хөгжлийг банк, Капитрон зэрэг банкнуудын систем хөгжүүлэлтийн багийн төлөөллүүдтэй санал солилцжээ. Иймд иргэд удахгүй тоон гарын үсгээ ашиглан банк санхүүгийн байгууллагын  үйлчилгээг авах боломж нээгдэх бололтой.

Холбоотой мэдээ