Ш.Ариунаа: Монголчууд оюунаа дэмжиж чадсан үед л Монголын ирээдүй хөгжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-05-10 14:37:58

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ЕБ-ын 2-р сургууль үндэсний эх бичгээ түгээн дэлгэрүүлэх, сурагчдадаа зааж сургах, тэднийг хөгжүүлэх чиглэлд бодит үр дүнтэй ажиллаж байгаа хамт олон. Энэ эд эсийн нэгэн төлөөлөл тус сургуулийн монгол хэлний багш  Ш.Ариунаатай ярилцлаа.


-Өөрийн тань тухайд үндэсний бичгээрээ зөв уншиж, бичих, сурах хүсэл зоригийг хүүхдүүдэдээ өгч чаддаг. Мөн энэ сайхан босоо хийморьтой бичгээ түгээн дэлгэрүүлэхэд маш их үүрэг гүйцэтгэж байгаа багш нарын нэг гэж хардаг. Мэргэжлээрээ хэр бахархдаг вэ?

-Баярлалаа. Өвөг дээдсээс уламжлан ирсэн босоо монгол бичгээ сурч, сурсан зүйлээ шавь нартаа зааж сургахсан гэсэн чин хүсэлдээ хөтлөгдөн хичээж явна даа. Би анхны “А” үсгээ үндэсний монгол бичгээрээ заалгаж байсан анхны монгол бичигтэн сурагч. Хожмоо монгол хэл бичгийн багш болсондоо бахархдаг. Би багш мэргжилдээ улам дурлаж байна.  Цахимаар хичээл орж байх хугацаанд өөрийгөө дайчлан бие дааж цахим сургалтад хамрагдан бийрийн бичгээр бичиж сурсан. Ингээд танхимаар заах боломжгүй хөл хориотой байсан үед хамгийн хурдан сурах хоёр шавиа гэртээ суулган зуны амралтын хугацаанд нарийн болон дунд бийрээр бичиж сургасан. Үүнээс маш их урам авч 2021-2022 оны хичээлийн жилийн 9-р сарын 1-нд өөрийн болон хоёр шавийнхаа бүтээлээр үзэсгэлэн гаргасан. Үүнээс өмнө 2019 онд одоогийн даасан анги минь 10-р ангид байхад ахмад багш АБТА Х.Баярсайханаас “Угалзан” бичгийг ангийн 5 сурагчтайгаа хамт заалгаж байсан. Ингээд таван сурагч багштайгаа ангийнхаа 21 хүүхдэд зааж, 5 дахь өдөр бүр бүтээл хийж, үзэсгэлэн гаргадаг болсон.

Хөл хорионы үед цахимаар сургалтаа тасралтгүй явуулж байсны үр дүнд урлагийн бүтээл болтол нь хөгжүүлж чадсандаа маш их бахархаж, урамших болсон. Угалзан бичгээ бийрийн бичигтэйгээ хослуулж, сургуулийнхаа брэнд болгох зорилго тавьж “Мөнхийн зурлага” нэртэй бийр, угалзан бичиг хосолсон дугуйлангийн үйл ажиллагаагаа нээсэн. Ангийнхаа 14 сурагчид, багшаар бэлдсэн 2 шавийнхаа хамтаар зааж амжилттай хэрэгжүүлснээр богино хугацаанд маш их амжилт гарсан нь багш хүний шавьдаа л сургаж байвал боллоо гэсэн чин сэтгэл минь биелэлээ олсонд баярлаж ажилдаа улам дурлаж байна. Хамгийн гол нь ангийн хүүхдүүд минь үндэсний бичигтээ дурлан шимтэн сурч, угалзан бичлэгийг өөрсдийн оюуны том бүтээл болгож чадсан нь миний энэ насны бас нэг бахархал юм. Хайртай шавь нараа төгсөөд явна гэхээр нэг л уйтгартай. Гэхдээ бид насан туршдаа холбоотой байх маш том шалтгаан бол бийрийн бичиг, угалзан бичиг минь гэж би баярлаж бахархдаг

-“Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийг сургууль, байгууллагууд өөр өөрийн өнцгөөс тодорхой ажил зохион байгуулан тэмдэглэж байх шиг байна. Танай сургуулийн тухайд хэрхэн тэмдэглэв?

-Үндэсний бичгээ түгээн дэлгэрүүлэх, тухайн баярыг нэг өдөр тэмдэглээд өнгөрүүлэх биш сурагчдад ямар зүйл өвлүүлэх, үлдээж болох талаар бодож байж нарийн төлөвлөгөө гарган, өөрт байгаа боломжоо дайчлан ажилласан. Үндэсний бичгээ сурах хүсэл эрмэлзэлтэй, бахархан дуурайх, хэрэглээ болгоход анхаарч 6-11 дүгээр ангийн нийт 234 сурагчид 12-р ангийн “Мөнхийн зурлага” дугуйлангийн 21 сурагч угалзан бичгээ зааж, хийсэн бүтээлээрээ анги бүр үзэсгэлэн гаргасан. Энд анги удирдсан багш нар маш сайн хамтран ажилласанд их баяртай байгаа. Мөн 12-р ангийн “Мөнхийн зурлага” дугуйлангийн сурагчид Угалзан бичиг- Бийрийн бичиг- Уран зураг хослуулсан бүтээлээ гаргаж бусдад тайлагналаа. Үнэхээр гайхалтай бүтээлүүдээ олон цагаар сууж, зарим үед алдах тохиолдол гарахад хамтдаа алдаагаа маш гоё урлагийн бүтээл болгон хувиргаж байсныг хараад эв нэгдэл, хамтын ажиллагаа, асар өргөн сэтгэж байгаа сэтгэлээ бий болж байдгийг анзаарсан. Энэ хүүхдүүд миний бахархал. Би хүүхдүүдэдээ маш их хайртай.

-Шавийн эрдэм багшаас гэдэг танай сургуулийн хүүхдүүд улсын уралдаануудад маш амжилттай оролцож байна. Тухайлбал танай сургуулийн 12а ангийн сурагч Б.Баттулгын “Амар амгалан” бүтээл улсад шилдгээр шалгарсан байна. Энэ хүүхэд өмнө нь олон улсын уралдаанд амжилттай оролцож байсан санагдана. Хүүхдүүдийнхээ амжилтаас сонирхуулаач?

-Би бийрийн бичгээ бие даан сурч байхдаа шантрах үе гарсан ч заавал сурч ангийнхаа хүүхдүүдийг төгсөхөөс өмнө зааж өгнө. Мөн бусад хүүхдэдээ би л заахгүй бол бийр гэдэг зүйлийг мэдэхгүй төгсөх юм байна гэж өөрийгөө зоригжуулан өдөр, шөнөгүй сууж байж сурсан. Гэхдээ бийрийн бичгийг сурсан гэж хэлж болдоггүй юм байна гэж би бодсон. Яагаад гэвэл улам сайжруулах, сурах зүйл их байдаг юм билээ. Өөрийн сурсан зүйлээ шавь нартаа богино хугацаанд маш их хичээл зүтгэл гаргаж заасан. Миний хүүхдүүд ч сайн сурч байна. Хамгийн эхнийх нь Хүүхдийн ордноос зохион байгуулсан уралдаанд 12а ангийн сурагч Л.Ариунжаргал шавь минь Д.Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг бүрэн эхээр нь бичиж “Хичээнгүй бичигтэн-2021” улсын уралдаанд 3-р байрт шалгарч, Эрдэм хүрэл медалиар шагнуулсан. Мөн Монгол туургатны хүүхдийн их наадмаас “Үлэмжийн чанар” бүтээлээрээ 12а ангийн сурагч Б.Баттулга тусгай байр эзэлсэн. Эндээс хүүхдүүд хичээвэл боломж байгаа гэдгийг мэдэрч маш их урам авч баярласан.

Монгол туургатны "Миний монгол бичиг" олон улсын уралдаанд 12-р ангийн сурагч Б.Баттулга “Сэтгэл санаагаа ариусгахуй” бүтээлээр тусгай байр, Л.Ариунжаргал “Таван мэдрэхүй” бүтээлээр шилдэг бүтээл, багш нарын ангилалд миний бие шилдэг 6 багшийн нэгээр шалгарч байсан. Хамгийн сүүлд Монголын Хүүхдийн ордноос “Үндэсний бичиг үсгийн баяр”-ын өдрийг тохиолдуулан зарласан “Үсэг урлалд амилахуй” улсын II уралдаанд  12а ангийн сурагч Б.Баттулга “Амар амгалан” бүтээлээр тэргүүн байр эзэллээ. Мөн Тэргүүний уншигч шалгаруулах улсын 15-р уралдаанд Сэлэнгэ аймгаа төлөөлөн 3 сурагч оролцон 8б ангийн сурагч У.Ану, 9а ангийн сурагч Н.Уянга нар тусгай байр эзэлсэн. Түүнчлэн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг "Хүмүүн бичиг" сонины нэрэмжит “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд багш нарын ангилалд ачит багш Х.Баярсайхан багшийнхаа тухай “Хүмүүн бичигтэй нөхөрлөсөн-30 жил” сэдэвт эсээг бийрийн бичгээр бичиж оролцсон. Энэ бол эхлэл... Цаашид тууштай оролцож өөрийгөө хөгжүүлэх болно гэж бодож байгаа.

-"Мөнхийн зурлага" дугуйлангийн зорилго, чиглэл, амжилт, үр дүнгийн талаар?

-Үндэсний бичгийн хэрэглээг бий болгох сурагчдад эх хэлнийхээ гайхамшгийг мэдрүүлэх, бүтээлч сэтгэлгээ суулгах, цаашлаад насан туршийн чадвар олгохыг зорин ажиллаж байна. Одоогоор угалзан бичгийн аргаас сургуулийн 6-аас дээш ангийн бүх хүүхэд нэгдсэн ойлголт авсан. Маш сайхан бүтээлийг их урамтай хийж байгааг нь хараад баярлаж байна. Ирэх жилээс төлөвлөсөн олон ажил байгаа.

-Та өөрөө бийрийн бичгийн гайхамшгийг сурагчдадаа өвлүүлж байгаа хүн. Энэ бичгийхээ сургалтыг хэр өргөжүүлж байна. Сүүлийн үед ямар бүтээл хийв?

-Хамгийн сүүлд сурагчидтайгаа хамтран Угалзан-Бийрийн бичиг- Уран зураг хосолсон маш олон бүтээл хийж үзэсгэлэн гаргахад бэлдэж байна.

-Танай сургуулийн 6-12 ангийн хүүхдүүд 100 хувь "Хүмүүн бичиг" сониноо захиалан уншиж байгаа гэсэн. Эдгээр хүүхдүүдийн цаана гэр бүлд нь уншигчид байгаа гэхээр сониноо сурталчлах, бусдад энэ сайхан бичиг үсгээ дэлгэрүүлэх үйлсэд маш их үүрэг гүйцэтгэж байгаа гэж ойлгож болох нь ээ?

-"Хүмүүн бичиг" сониноо захиалаад орхих биш сургалтын гол хэрэглэгдэхүүн болгон ашиглаж байна. Улирал бүр захиалан уншихад эцэг эх, анги улирдсан багш нар маань маш их дэмжиж ажилласан. Манай сургууль монгол хэлний хоёр багштай. Сонин захиалахад миний дотно хамтрагч Т.Одсүрэн багш маань маш их үүрэг гүйцэтгэдэг. Би гэхээсээ илүү миний хамт ажиллаж байгаа багш маань их түшиг болж, байнга тусалдаг болохоор ажил урагштай сайн байдаг.

-"Хүмүүн бичиг" сониноо хүртээмжтэй байдлаар зөвхөн захиалаад уншаад зогсохгүй, сургалтдаа ашигладаг гэж та ярилаа. Үр дүнгээ хуваалцахгүй. Хэрхэн яаж ашиглаж байгаа талаараа?

-6-12-р ангийн 9 бүлгийн 246 сурагч захиалан уншиж сургалтдаа тогтмол ашиглан "Хүмүүн бичиг" сонины булан сургуулийн давхар бүрт байдаг. Сурагчид багачуудын буланг маш их сонирхсон уншдаг. Мөн шинэ сонин ирэхэд маш их баярлаж хүлээж авдаг. Эцэг эхчүүд маань маш сайн ойлгож дэмжиж, хүүхдээ захиалуулж уншиж байна. Хүүхдээр дамжуулан айл бүрт "Хүмүүн бичиг" сонин байгаад эх хэлээ сурах, сурталчлах маш том ажил явагдаж байна гэж би хардаг. Хичээлийн эхэнд сониноос өгсөн даалгавраа шалган хүүхдүүд маань хамтран унших их дуртай байдаг. Тус сониныг сурагчдын хоцрогдол арилгах гол хэрэглэгдэхүүн болгон ашиглаж, Эцэг эхийн нэрэмжит “Хүмүүн бичиг бид хоёр” тайлант уншлагыг 8б ангийн 27 сурагч, 9а ангийн 33 сурагчийн дунд зохион байгуулсан. Ингэж эцэг эхдээ Монгол бичгийн хичээл тэр тусмаа унших чадвар яаж ахиж байгаа, цаашид юуг анхаарах тал дээр хамтран санал бодлоо солилцдог.

-Үндэсний бичиг үсгээ хүүхдүүд суралцахад учирч буй хүндрэл юу байна. Ер нь хос бичигтэн болоход бэлэн болсон гэж үзэж болохоор байгаа юу?

-Хос бичигтэн болох их үйлд өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа бахархалтай байдаг. Дан ганц мэргэжлийн багш нарын ажил биш төр засаг, шат шатны байгууллагууд анхаарал хандуулах хэрэгтэй гэж би боддог. Хамгийн гол нь хэрэглээ болгож байж л сая хүмүүс сурах судлах тал дээр анхаарах байх. Ер нь хос бичигтэй хүн бол нэлээн дээгүүр үнэлэгдэх цаг ирнэ гэж би боддог. Шавь нартаа сурах ёстой гэхээсээ илүү сонирхлыг нь татах л гэж олон талын үйл ажиллагаа зохион байгуулж хичээж ажиллаж байна даа.

-Та багш хүний хувьд цаашид ямар бодлого чиглэл энд хэрэгтэй байна гэж бодож байна. Өөрийнхөө санаа бодлыг хуваалцахгүй юу?

-Сургалтын цаг дутмаг, төрөөс цогц бодлоготой, нийтээр нь сургах тал дээр маш сайн анхаарахгүй бол хос бичигтэн болох зорилго умартах вий гэж бодогддог. Монголчууд оюунаа дэмжиж чадсан үед л Монголын ирээдүй хөгжинө дөө. Барилга байгууламж гэхээсээ илүү оюуны бодит дэмжлэгүүд их чухал гэж би боддог. Мөн мэргэжлийн болон монгол бичгээ мэддэг хүмүүсийг дэмжиж түгээн дэлгэрүүлэх ажилд хүч түрэн оруулж байж хос бичигтэн болох алхамд ойртоно.

Дэлхийд ганцхан монгол бичгээ гэсэн сэтгэлтэй хүн бүрт талархъя.

-Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.

 

Холбоотой мэдээ