Сайнцагаан сумын ЭМТ-үүдэд шинжилгээ, оношилгоо хийх боломжтой болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-05-12 10:04:33
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Сайнцагаан суманд иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг 3 төв байдаг бөгөөд тус төвүүдэд сумын ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар нийт 75,5 сая төгрөгийн тоног төхөөрөмж нийлүүллээ.

Тодруулбал, тус сумын Эрүүл мэндийн төвд 21,4 сая төгрөгийн өртөгтэй цусны ерөнхий шинжилгээний аппарат, биохимийн шинжилгээний аппарат, нярайн шарлалт хэмжигч багаж, Өлзийт мандал өрхийн ЭМТ-д 39,6 сая төгрөгийн геметологийн анализатор, автоклав, Анализаторын аппарат, эхо аппарат, эхо принтер, хатаах шүүгээ, ариутгалын тоног төхөөрөмж нийлүүлжээ.

Харин Боржигон мандал өрхийн ЭМТ-д биохимийн аппарат, нярайн шарлалт хэмжигч багаж, шээсний ерөнхий шинжилгээний аппарат өгч, 14,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.  

Дундговь аймгийн Сайнцагаан сум 16000 орчим хүн амтай. Тэдэнд дээрх Эрүүл мэндийн төв анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлдэг. Эрүүл мэндийн төвүүдэд хэрэгцээтэй дээрх тоног төхөөрөмжийг нийлүүлснээр зарим шинжилгээ, оношилгоог тухайн эрүүл мэндийн төвдөө хийдэг болох ба аймгийн Нэгдсэн эмнэлгийн ачаалал буурна гэдгийг тус сумын удирдлагууд онцоллоо. 

Холбоотой мэдээ