Ч.Цэгмид гүйлтээ эхлүүлсэн 4 дэх өдрөө аймгийн төвд орж ирлээ

ФОТО МЭДЭЭ
munkhzul@montsame.mn
2022-05-14 20:34:56
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Баянбүрд дөрөвдүгээр багийн малчин Ч.Цэгмид /60 настай/ Улаанбаатар хот хүртэлх 790 км замын холын зайн гүйлтээ энэ сарын 10-нд Хавтгай улааны арын хондны хаваржаанаас эхлүүлсэн. Тэгвэл гүйлтээ эхлүүлсэн дөрөв дэх өдөр буюу тавдугаар сарын 14-нд 160 км-ийг туулан Баянхонгор аймгийн төвд орж ирлээ. 
Түүнийг өнөөдөр Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, БТСГ-ын удирдлага, Номгон сургуулийн захирал, хүүхэд багачууд, тус сургуулийн 1982 оны төгсөгчид буюу ангийн нөхөд, ах дүүс, Бууцагаан сумын нутгийн зөвлөл, Цагдаагийн газрын хамт олон угтан авав.
Тамирчинд үзлэг хяналт хийсэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагчид түүний биеийн байдал хэвийн тогтвортой, сайн байгааг хэлж байна. 
Дөрвөн хүүхдийн эх, малчин эмэгтэй Ч.Цэгмид нь Баянхонгор аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ой, Монгол Улсын Гавьяат багш Н.Биндэръяагийн нэрэмжит Номгон сургуулийн 60 жилийн ойд зориулан малчдын тэсвэр хатуужлыг харуулахаар нийт малчдаа төлөөлөн хийж байгаа гүйлтээ маргааш өглөө Номгон сургуулийн гаднаас үргэлжлүүлнэ.
Ч.Цэгмид өнөөдрийн байдлаар тооцооллоосоо 5 км түрүүлэн гүйж байгаа бөгөөд өдөрт 30 км гүйсээр зургадугаар сарын 4-ний  өдөр улсын нийслэл, Сүхбаатарын талбайд очих юм.