“Төрийн тахилгат Ноён уулын түүх, соёл” эрдэм шинжилгээний хурал болов

ОРОН НУТАГТ | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2022-05-15 00:27:56

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.“Төрийн тахилгат Ноён уулын түүх, соёл” эрдэм шинжилгээний хурал Сэлэнгэ аймгийн Мандал суманд энэ сарын 14-нд боллоо.

Монгол Улсын Eрөнхийлөгчийн санаачилгаар болж буй эл хуралд Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Ph.D Д.Бум-Очир, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, “Тэнгэр үзэлтний Мөнх тэнгэр” нэгдсэн хороо НҮТББ-ын тэргүүн доктор Ph.D, дэд профессор Б.Галаарид, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа, Засаг дарга Н.Лхагвадорж болон Дэлхийн өв Бурхан Халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны судалгаа, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн, Мандал сумын ИТХ-ын дарга, Мандал сумын Засаг дарга болон шинжлэх ухааны салбарын эрдэмтэн,  судлаач, төрийн байгууллагын албан хаагч, орон нутгийн иргэд оролцлоо.

Хурлаар Төрийн тахилгат Ноён уулын түүх, газар зүйн онцлог, тайлга тахилга үйлдэж байсан түүхэн уламжлал биет бус эх сурвалжийн мэдээ, хээрийн судалгааны үр дүнгийн талаар илтгэл хэлэлцлээ. Хурлаас гарсан шийдвэр, иргэдийн саналыг нэгтгэн Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлах аж. Ингээд тодорхой нарийвчилсан судалгаа, орон нутгийн болоод хуралд оролцсон эрдэмтэн мэргэдийн саналыг үндэслэн эцсийн шийдвэрийг гаргах аж. Монгол Улсад төрийн тахилгат уул 12 байдаг бөгөөд үүний нэг болох Ноён уул Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 81 дүгээр зарлигаар Монголын Тулгар төр Хүннү гүрэн байгуулсны 2230 жилийн ойг тохиолдуулан Ноён уулыг төрийн тахилгатай болгожээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 1-д “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэж заасан байна.

-Хурлын нээлтийн үеэр Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Ph.D Д.Бум-Очир: “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар, бодлогын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд төрийн тахилгатай 12 хайрхнаа нэг бүрчлэн судалъя. Ингэхийн тул Ерөнхийлөгчийн тамгын газраас 12 судалгааны баг гарган тодорхой асуулт гаргасан. Цаашдаа төрийн тахилгатай уулаа тайх журамд өөрчлөлт оруулбал яасын бэ. 12 асуулт гаргаад. Энэ уул хайрхдууд бүгд өөр өөрийн онцлогтой. Өөр өөрийн гэсэн эзэн савдагтай. Мөн өөр өөрийн өргөл, жаягтай. Бүгд ижил зүйл өргөдөггүй юм аа. Иймээс энэ бүгдийн нарийн олон утга учир, ёс жаягийг нь гаргахгүйгээр тахиж болохгүй юм байна. Үүнийг цэгцлэх юм байна. Нөгөөтэйгүүр аль болох язгуурын уламжлалт зүйлсээ бага багаар оруулж ирье. Ерөнхийлөгчийн Тамгын газрын зүгээс өнгөрсөн жил хоёр хайрхнаа тайсан. Ингэхдээ Сутай хайрхныг тайхдаа Алтайн магтаал хайлсан. Энэ маань олон зуун жил магтаад ирсэн магтаалыг нь ядаж хайлаад өгье гэсэн үүднээс энэ алхмыг хийсэн. Отгонтэнгэр хайрхан дээр хангайн магтаал хайлсан. Энэ магтаал харьцангуй мартагдсан байсан. Иймээс түүнийг дахин сэргээж хайлсан. Ингэж их хайрхдынхаа язгуурын шүтлэг, тахилга, соёл, ёс заншлыг сэргээх үйл ажиллагаа хийж байгаа. Энэ хүрээнд 12 судалгааны баг ажиллаж байна. Яг энэ Ноён уултай холбогдуулж хоёр сар гаруй хугацаанд судалгааны баг ажилласан. Төрийн тахилгатай Ноён уулын түүх, домог зүйлийн талаар нутгийн иргэд болоод энэ талаар мэдээлэлтэй байгаа эрдэмтэн мэргэдийг өргөн оролцуулахыг хичээсэн. Аливаа хийж байгаа зүйл шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаатай байх ёстой. Үүний нэг илрэл нь яах аргагүй өнөөдрийн хийж байгаа эрдэм шинжилгээний хурал юм.

Төрийн тахилгатай уулаа тайх нь ямар утга учиртай юм бэ гэвэл. Энэ бол бидний үндэсний дархлаа, үндэсний үнэт зүйл. Монгол Улсад амьдарч байгаа 4 сая орчим хүмүүс юугаараа нэгдэж, нэг ард түмэн, нэг үндэстэн байх юм бэ? Мэдээж олон зүйл байгаа. Үүний нэг гол зүйл бол бидний шүтээн мөргөл, зан үйл юм. Бид даяаршлын давалгаанд маш олон үнэт зүйлсээ алдсан. Үүнийгээ хамгаалах дархлаа нь магадгүй энэ зан үйл юм шүү. Ийм учраас төрөөс үүнийг анхаарч тусгайлан тахиж байгаа юм. Язгуур соёлыг нь түгээх, тэр үнэт зүйлээр нь ард олноо нэгтгэх гэсэн том ажил явж байгаа юм. Энэ бол зөвхөн шашны зан үйл бишээ. Энэ бол үндэсний аюулгүй байдлын тухай асуудал. Тэгэхээр бид нэт зүйлээрээ нэгдье. Энэ Ноён уулыг хэзээ, хэрхэн, яаж тахих вэ гэдэг ажлыг анхнаас нь зөв зүйтэй, ном ёсоор нь хийе. Ингэвэл язгуур эрх ашгаараа хадгалагдаж үлдэнэ. Ийм учраас энэхүү эрдэм шинжилгээний ажлыг хийж байгаа юм. Энэ хурлаас тодорхой хэмжээний зөвлөмж гарна. Үүнийг Ерөнхийлөгчийн тамгын газар дангаараа шийдэхгүй. Эрдэмтэн судлаачдынхаа материал дээр тулгуурлан, түүнээс гарсан санал зөвлөмж дээр үндэслэн улс төрийн бодлого, шийдвэрээ гаргах учиртай. Ноён уултай холбоотой маш олон эргэлзээ, маргаан байдаг. Нөгөө талаар орон нутагт нь ирж энэ хурлыг хийж байгаагийн ач холбогдол бол шинжлэх ухаанд суурилсан мэдлэг, мэдээллийг олон нийтэд хүргэх, ямар уул хайрхныг тахиад байгаа юм. Ямар учир утгатай юм гэдгийг ойлгуулахад оршиж байгаа” хэмээв.     

Мөн УИХ-ын гишүүн Ч.Ундрам: “Ноён уулынхаа бэлд төрж, өсөж, ажиллаж, амьдарч буйдаа нутгийн зон олон маань үргэлж бахархдаг. Өнгөрсөн хугацаанд Сентерра гоулд, Гацуурт компаниуд уул, уурхайн олборлолт хийж хайрхны байгалийн тогтцыг эвдсэн нь харамсалтай. Ноён уул нь “Монголчуудын өвөг Хүннү дээдсийн алтан шарил, мөр улбааг хэвлийдээ хадгалсан өлгий дагшин нутаг, эх түүхийн голомт болсон хайрхан” бөгөөд тахилга хийхээр анх удаа эрдэм шинжилгээний хурал хийж байгаа юм. Хурлаас шинжлэх ухааны үндэслэлд суурилсан олон санал, санаачилга, дүгнэлтүүд гарна гэдэгт итгэлтэй байна. Хуралд оролцогч эрдэмтэн, судлаач, нутгийн зон олон та бүгдийн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөх, өвлүүлэх их үйл хэрэгт амжилт хүсье” гэлээ.

-Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Б.Нарантуяа: ”Сэлэнгэ аймагт оршдог Ноён уул маань Монгол Улсын түүхэн дурсгалт томоохон газруудын нэг. 2020 онд УИХ-аас дархан цаазтай болгосон тухай тогтоол гаргасан. Мөн 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 81 дүгээр тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ноён уулыг төрийн тахилгат уул болгосон шийдвэр гарсан. Ер нь аль ч талаасаа харсан Ноён уулын олон жилийн турш судлагдаж байгаа булш бунхнууд, хүннүгийн түүх, соёлын дурсгал гэдэг хөдөлшгүй юм. Энэхүү түүхэн дурсгалыг 1912 онд анх санамсаргүй байдлаар олж нээсэн гэж ярьдаг юм байна лээ. Тэгээд 1924 онд Оросын ШУА-иас анхны малталтыг хийсэн түүхтэй байдаг. Бид түүхийн тахилгат уулаа хараа хяналтдаа авч, түүхийг нарийвчлан судлах хэрэгтэй болж байна. Өнөөдрийн эрдэм шинжилгээний илтгэлүүд маш сонирхолтой болж байна. Эрдэмтэд маань маш олон талаас нь ярьж байна. Энэ их уулаа тахих ажлын бэлтгэл болгож энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байгаа. Энэ талаар сонирхон судалдаг олон эрдэмтэн, докторууд хүрэлцэн ирсэн байна”.  

-Байгаль орчны хяналтын улсын байцаагч Н.Нямдаваа: ”Ноён уул маань улсын тусгай хамгаалалттай болсон. Энэ тусгай хамгаалттай газрын байгаль орчны улсын байцаагчаар би ажиллаж байна. Төрийн тусгай хамгаалалтад аваад, өнөөдрийн төрийн тахилгатай болгож байгаа нь асар том ач холбогдолтой зүйл гэж миний хувьд бодож байгаа. Ер нь байгаль хамгаалах хууль, байгалиа хамгаалах бас нэг түүхэн өв уламжлал болсон сүсэг бишрэлд нь хамааруулж, уул усаа тахидаг, шүтдэг, хайрлаж хамгаалдаг сэтгэлгээний дагуу төрийн тахилгатай болгосонд баяртай байгаа. Ноён уул бүхэлдээ ойн сан бүхий газар. Нийт 22.3 мянган га талбай улсын тусгай хамгаалалттай газар нутагт орсон. Төв аймгийн Батсүмбэр, Борнуур, Сэлэнгэ аймгийн Мандал гэсэн 3 сумын нутаг дэвсгэр дамнасан нутаг дээр хамгаалалтын үйл ажиллагааг явуулж байна. Хан-Хэнтийн тусгай хамгаалалттай газрын захиргаан дээр Ноён уулын хэсэг гэж ажиллаж байна. Одоохондоо хамгаалалтын захиргааг тусдаа бие даан байгуулаагүй. Бид 2 байцаагч, 3 хамгаалагчтайгаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

-“Тэнгэр үзэлтний Мөнх тэнгэр” нэгдсэн хороо НҮТББ-ын тэргүүн доктор Ph.D, дэд профессор Б.Галаарид: “Төрийн тахилгат Ноён уул монголчуудын түүх, уламжлалт соёлын үнэт өвийг хадгалсан газар болох нь” сэдвээр илтгэл тавьсан. Тэрээр Ноён уулыг төрийн тахилгат болгоод анхных нь тахилгыг хийх гэж байна. Иймээс яарамгүй, мэдээллийг сайтар нягталж, судалгааг сайн хийсний үндсэн дээр тайх ёсыг хийх хэрэгтэй. Мөн өмнөх 11 хайрхныг буддын зан үйлээр хийсэн байдаг. Энэ удаа Ноён уулыг язгуурын бөөгийн зан үйлээр тайх саналтай байна. Ноён уулын савдаг хөгшин эрэгтэй хүн байх бөгөөд дүрээ хувиргаж нарийн сайн харагдуулдаггүй. Уналга нь гөрөөс, согоо байх талтай. Хатуу архи өргөдөггүй гэв. Мөн тэрээр 13 зайран, удганыг буулгаж, асууж тодруулахад 11 нь энэ айлдварыг хэлж байсан гэдгийг дуулгалаа. Ноён уул нь хатуу хайрхан учир эр буюу луу жилд тайх нь зөв гэв.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Мандал сумын ЗДТГ хамтран зохион байгууллаа.


Холбоотой мэдээ