“Монголын инновацын 7 хоног-2022”-ыг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-16 15:08:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ес дэх жилдээ зохион байгуулж байгаа “Монголын инновацын 7 хоног-2022”-ыг өнөөдөр нээлээ.


Инновацын 7 хоногийн хүрээнд “Шинэ сэргэлтийн инновац-2022” үзэсгэлэн, “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” онол практикийн бага хурал, “Инновацын түншлэл” хэлэлцүүлэг, “Best paper awards-2022” залуу судлаачдын эрдэм шинжилгээний хурал, “Гавал толгой” оюутны инновацын шилдэг бүтээл шалгаруулах, “Эрдэм хакатон”, “Инновацлаг ЖДҮ” зэрэг үйл ажиллагаа зохион байгуулна.


“Энэ нь “Шинэ сэргэлтийн нээлттэй инновац” уриан дор Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд инновацын талаарх ойлголт, мэдлэг, соёлыг түгээх, дамжуулах, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, инновацын олон талт түншлэлийг өргөжүүлэх, чадавхыг бүрдүүлэх замаар нээлттэй инновацын тогтолцоог өргөжүүлэх чухал үйл явдал” гэдгийг БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох онцоллоо.



“Монголын инновацын 7 хоног-2022” энэ сарын 22 хүртэл үргэлжлэх бөгөөд эхний 3 хоногт нь үзэсгэлэн зохион байгуулж байна. Үзэсгэлэнд 40 гаруй байгууллагын дэвшилтэт технологи бүхий 300 гаруй бүтээгдэхүүнийг дэлгэжээ.


ШУТИС-ийн салбар сургуулийн захирал Д.Цолмонбаатар энэ үеэр “Жилийн турш л инновацыг, шинийг эрж хайн ажиллаж байна. Инновацын түншлэл хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулна. Бид дэлхий дахинд инновацыг хэрхэн хөгжүүлж байгаа тухай гадаадын судлаачидтай мэдлэгээ хуваалцах, олон улсын судлаачдын сүлжээнд нэгдэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилготой” байгааг тэмдэглэв.


Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас эрхлэн гаргадаг “Дэлхийн инновацын индекс 2021”-т Монгол Улс 58-р байрт бичигджээ. Нийт 7 бүлэг 120 үзүүлэлтээс манай улс институц үзүүлэлтээр 76, хүн капитал болон судалгаа үзүүлэлтээр 81, дэд бүтцийн үзүүлэлтээр 91, мэдлэг, технологийн үйлдвэрлэлийн үзүүлэлтээр 85, бүтээлч үйлдвэрлэлийн үзүүлэлтээр 28 дугаар байранд эрэмбэлэгдсэн байна.





“Монголын инновацын 7 хоног-2022”-ыг БШУЯ, ХХААХҮЯ, ЦХХХЯ, Соёлын яам, Шинжлэх ухаан технологийн сан, ШУА, Нийслэлийн Бизнес инновац,хөгжлийн газар, МТҮП, МУИС, ШУТИС, ХААИС, СУИС, МУБИС, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Старт-ап ТББ, үндэсний үйлдвэрлэгчч компаниуд хамтран зохион байгуулж байна. 

Холбоотой мэдээ